А.Соболенко US Open-д дараалан түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-09-07 09:33:40

НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 7./ТАСС/. Нью-Йорк хотод болж буй АНУ-ын аварга шалгаруулах Нээлттэй тэмцээний /US Open/ финалын тоглолтод Беларусийн теннисчин Арина Соболенко Америкийн тамирчин Аманда Анисимоваг хожсоноор аваргаар шалгарлаа.


Тоглолт 6:3, 7:6 (7:3) харьцаагаар өндөрлөснөөр Соболенко Их дуулгын тэмцээний 100 тоглолтод ялалт байгуулж байна. Соболенко, Анисимова нар энэ улиралд Их дуулгын гурван тэмцээнд учраа таарч тоглосон юм.  


Өдгөө 27 настай Соболенко Эмэгтэй теннисчдийн холбооны /WTA/ чансааг тэргүүлж байгаа бөгөөд Анисимоваг хожсоноор тус холбооны ивээл дор болдог тэмцээнүүдийн ганцаарчилсан төрөлд 21 дэх удаагаа удаа түрүүллээ. Мөн сүүлийн 11 жилийн хугацаанд US Open тэмцээний аварга цолоо хамгаалж чадсан анхны эмэгтэй теннисчин болов. Түүнчлэн АНУ-ын Нээлттэй тэмцээнд алдарт Серена Уильямс 2012-2014 онуудад дараалан гурван удаа финалд шалгарч байсан амжилтыг Соболенко давтлаа.


Түүнд хожигдсон өдгөө 24 настай А.Анисимова Эмэгтэй теннисчдийн холбооны /WTA/ чансаанд дөрөвдүгээрт бичигдэх бөгөөд өмнө нь долоодугаарт жагсаж байсан юм. Тэрбээр WTA-гийн ивээл дор болдог тэмцээнүүдийн ганцаарчилсан төрөлд гурван удаа түрүүлж байсан ба Их дуулгын тэмцээний финалд хоёр дахь удаагаа шалгарчээ.  


US Open бол Их дуулгын улирлын хамгийн сүүлчийн 4 дэх тэмцээн юм. Хатуу хучилттай талбайд болдог тус тэмцээн ням гарагт өндөрлөх бөгөөд шагналын сан нь теннисний спортод хамгийн өндөр буюу 90 сая доллар юм. 


Өнөөдөр Италийн теннисчин Я.Синнер, Испанийн К.Алькарас нар эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аваргын төлөө тоглосноор тус тэмцээн өндөрлөх бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп уг тоглолтыг үзэхээр төлөвлөжээ.  

Связанные новости