Мухартын голын ундаргыг хамгаалж, элсний нүүдлийг сааруулахад анхаарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөөс үүдэлтэй голуудын усны түвшин багасах нь эрчимжиж байгаагийн тод илрэл Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумд орших Мухартын голд ажиглагдаж байна.
Учир нь Мухартын
голыг зорин очсон аялагчид элсэн
манхны оройгоос гулгаж, голын эх, ундаргыг элсээр дарж байгаагаас усны урсац, түвшин нь жилээс жилд
багасаж, голын эх хэсэг элсний нуралтад дарагдсаар байгаа юм. Иймд БОУАӨ-ийн сайд Мухартын голын
ундаргыг хамгаалж, урсцыг нэмэх, түүний тэжээгдэх зүй тогтлыг тодорхой болгох,
байгалийн унаган төрх, экосистемийг алдагдуулахгүй байхад анхаарч, бодлогын
түвшинд тодорхой ажил зохион байгуулахыг Усны газрын удирдлагад үүрэг болголоо.
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алтан багийн нутагт байрлах Мухартын гол сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км, аймгийн төвөөс 110 км зайд Бор хярын элсний өмнө талд голдиролоосоо 450 м өндөр элсэн манхнаас эх авч, 8.2 км урсаад элсэн манхан доогуур шургадаг онцлогтой. Хөвөөгөөрөө бургасан шугуйтай, гоньд, дэгд, улаалзгана, нохойн хошуу зэрэг жимс жимсгэнэ ургадаг байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газар юм.
Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас 2021-2024 онд Мухартын голд нөөц боломждоо тохируулан судалгаа, мэдээлэл цуглуулжээ. Энэ судалгаагаар Мухартын голын дунд хэсэгт усны түвшин нь 5 см-ээр, урсгалын хурд нь 0.2-0.4м/с багассан, эх аван урсаж буй элсэн манхны өндөр дунджаар 3.5м-ийн өөрчлөлттэй, элсэн манхны түрэлт 2021-2024 онд дунджаар 5.2 м урагшилсан нь тогтоогджээ.