Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барьжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6 дахь хэсэгт заасны дагуу Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэн батлуулахаар НИТХ-ын дарга А.Баярт өргөн мэдүүлсэн байна.
Хуульд заасан зарчмын
дагуу НИТХ-ын 2024 оны 24/08 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн Засаг дарга
бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т
туссан таван зорилго, 195 зорилт, УИХ-ын 2025 оны 48 дугаар тогтоолоор баталсан
“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-нд нийслэл хэрэгжүүлэх 26 ажлыг
тусгасан байдаг. Энэ хүрээнд Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг
боловсруулсан талаар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай онцлов.
“Аймаг, нийслэл,
хотын хөгжлийн жилийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”-ын дагуу төлөвлөгөөнд
туссан ажлыг хэрэгжүүлснээр хүрэх үр дүнг салбарын, төсвийн ерөнхийлөн
захирагчийн, хөтөлбөрийн үр дүн гэсэн ангиллаар тодорхойлсон байна.
Тодруулбал,
Бүсчилсэн хөгжлийн бодлогод 67 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 9 их наяд 291.1
тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 170 төсөл,
Хүний хөгжлийн
бодлогод 33 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 397.7 тэрбум төгрөгийн санхүүжих
дүнтэй 115 төсөл,
Эдийн засгийн
бодлогод 29 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 552.2 тэрбум төгрөгийн санхүүжих
дүнтэй 57 төсөл,
Ногоон хөгжлийн
бодлогод 21 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 651.3 тэрбум төгрөгийн санхүүжих
дүнтэй 56 төсөл,
Засаглалын бодлогод 40 зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн 42.8 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 51 төслийг тусгажээ.
2026 онд
нийслэлийн хөгжлийн томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, нийт
бэлтгэл ажлын явцыг 53 хувьд хүргэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, Туулын
хурдны зам, гүүрэн байгууламж барих ажлыг үргэлжлүүлж, нэгдүгээр тойрог замын барилга
угсралтын ажлыг эхлүүлэх зэргээр үндсэн авто замын сүлжээний уртыг 107 км-ээр
нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.