Катар: Израилын цохилт нь зуучлах үйл явцыг зогсоож чадахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-09-11 11:17:05

ДОХА, 2025 оны есдүгээр сарын 11 /NHK/. Катарын тал Израилын цохилтыг эрс зэмлэн буруушаагаад, Газын зурвас дахь байлдааны ажиллагааг зогсоохын тулд зуучлагчийн үүргийг үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.


Израилын арми мягмар гарагт Катарын нийслэл Доха хот дахь ХАМАС бүлэглэлийн төлөөлөгчдийг онилон цохилт өгснөөр тэднийг дагалдан явсан таван гишүүнийг хөнөөсөн юм. ХАМАС-ын төлөөлөгчид тус улсад Израилын талтай яриа хэлэлцээ хийхээр ирээд байв. Халдлагын дараа ХАМАС-ын зүгээс мэдэгдэхдээ, төлөөлөгчдийн бүрэлдэхүүн аюулгүй байгаа гэжээ.


Катарын Ерөнхий сайд Шейх Мохаммед бин Абдулрахман Аль-Тани мөн өдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, Израилын тал гал зогсоох саналын талаарх эцсийн хэлэлцээг хийж байгааг мэдэж байсан хэдий ч энх тайвныг тогтоох цонхыг нээхэд чиглэсэн бүхий л хүчин чармайлтад зориуд саад учруулж байна гэж мэдэгджээ. Ерөнхий сайдаас халдлагын дараа хэлэлцээ хийх боломжтой хэвээр байгаа эсэхийг тодруулахад тэрбээр “Газын зурвас дахь мөргөлдөөнийг зогсоохын тулд манай улс чадах бүхнээ хийх болно гэж хариулсан байна.


ХАМАС-ын зүгээс Израилын халдлагыг хатуу шүүмжилж, төлөөлөгчдийг онилсон нь тус улс ямар нэгэн тохиролцоонд хүрэхийг хүсэхгүй байгааг тодорхой харуулж байна хэмээн мэдэгджээ. Лалын шашинт бүлэглэлийн мэдэгдэлд төлөөлөгчид АНУ-аас ирүүлсэн хамгийн сүүлийн саналыг хэлэлцсэн талаар тайлбарласан байсан боловч хэлэлцээгээ үргэлжлүүлэх эсэхийг дурдаагүй байна.

Связанные новости