БАЯНХОНГОР: Хамтарсан эргүүл, хяналт шалгалтыг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-09-16 10:41:43

Баянхонгор, 2025 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар, Байгаль орчны газар, Экологийн цагдаа, Цагдаагийн газар, Зоонозын өвчин судлалын төв зэрэг байгууллага хамтран эргүүл, хяналт шалгалт хийж байна.


Аймгийн Засаг даргын 2025 оны наймдугаар сарын 20-ны өдрийн “Хууль бус ан агнуур болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай” А/470 дугаар захирамжаар шат дараатай үйл ажиллагааг хэрэгжүүлж буй.


Аймгийн нутаг дэвсгэрт хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчил агнахыг хориглосон амьтныг хууль бусаар агнах, барих, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах тээвэрлэх, байгалийн голомтот болон мал амьтны гоц халдварт өвчин гарах, халдвар зөөгдөн орохоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байгаа юм. Энэхүү ажлын хүрээнд Байгаль орчны газар хангайн бүсийн хоёр чиглэлд хууль бусаар тарвага агнасан нийт 13 иргэний зөрчлөөр хураагдсан 37 ширхэг тарвагыг устгалд орууллаа. Мөн аймгийн төв рүү орох чиглэлийн постоор оруулахыг завдсан 17 ширхэг тарвагыг устгалд оруулсан байна.


Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, мэрэгч амьтад тэдний бөөс, бүүргээр дамжин халдварладаг, тунгалгийн зангилаа, уушгийг зонхилон гэмтээдэг халууралт, хурц хордлого бүхий зоонозын халдварт өвчин юм. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 28.3 % буюу 18 аймгийн 132 сумдын 443.3 хавтгай дөрвөлжин км талбай тарваган тахлын байгалийн голомттой. Тарваганаас үүдэлтэй тарваган тахлын голомтын улиралчлал дөрөвдүгээр сараас сэргэн идэвхжиж, 8-9 дүгээр сард идэвхжлийн оргил үедээ хүрч, 10 дугаар сарын дунд үеэс намжмал байдалд ордог.


Өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх явцад арьс, салстын бүрэн бүтэн байдал алдагдсан болон өвчтөнийг асрах, сувилах, халдвартай эд зүйлстэй хамгаалах өмсгөлгүй харьцсанаас халдвар авч болно. Өвчин угтал үегүй цочмог эхлэх ба дагжин чичирч богино хугацаанд 39-40 хэм хүрч халууран, толгой өвдөх, дотор эвгүйрэх, нүүр, нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг хордлогын шинжүүдээр илэрдэг байна.


Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн А/193 дугаар тушаалын дагуу тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг гурван жилийн хугацаагаар хориглосон байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн “Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай” 260 дугаар тогтоолын дагуу амьтныг эр, эм, төл гэж ялгалгүй бодгалиар нь үнэлсэн байна. Тарвага агнасан тохиолдолд нэг бодгаль тарваганы экологи-эдийн засгийн үнэлгээ 410 мянган төгрөг ба түүнийг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг нөхөн төлбөр ноогдуулна хэмээн заажээ.

Связанные новости