БУЛГАН: Сумдын Засаг дарга нар цаг үеийн мэдээллээр санал солилцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны есдүгээр сарын 16. /МОНЦАМЭ/. Сумдын засаг дарга нар болон тамгын газрын дарга нарт аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн мэдээллийг танилцуулж, цаашид хамтран хэрэгжүүлэх хөтөлбөр, үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
2025-2026 оны аюулгүйн өвс, тэжээлийн нөөцийн бүрдүүлэлт аймгийн хэмжээнд 2274 тн өвс бэлтгэхээс 1600 тн өвс, ногоон тэжээл бэлтгэх болон гэрээ байгуулсан, худалдан авах ажиллагааны тендер зарласан байна. Нийт өвс, тэжээлийн нөөцийг шинээр нэмж бүрдүүлэхэд 460,4 сая төгрөгийг аймаг, сумын түвшинд баталжээ.
Аймгийн хэмжээнд "Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд 709 хоршоо шинээр байгуулж, 2111 малчин 78,0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, үүнээс 70 хоршооны 133 зээлдэгчийн 5,1 тэрбум төгрөгийн зээлд 2,8 тэрбум төгрөгийн батлан даалт гаргасан байна.
Хоршоо хөгжүүлэх сангаас аймгийн хэмжээнд 226 зээлдэгчид 4,9 тэрбум төгрөгийн зээл олгосноос үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 3,9 тэрбум байгаа ажээ.
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас 36 зээлдэгчид 6,0 тэрбум төгрөгийн зээл олгож 4,0 тэрбум төгрөгийн үндсэн зээлийн бодит үлдэгдэлтэй, зээлдэгчдийн 30-аад хувь нь чанаргүй зээлийн ангилалд шилжсэн байна.