АРХАНГАЙ: Улсын төсвийн 2024 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт 82 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-09-16 11:05:38

Эрдэнэбулган, 2025 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд улсын төсвийн 2024 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт 82 хувьтай байна. Энэ талаарх мэдээллийг аймгийн Аудитын газраас улсын төсвийн 2024 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнд хийсэн аудитын дүн мэдээллээс харж болно.


Аудитаар нийт 26,589.1 сая төгрөгийн зөрчил илэрснээс 5,465.4 сая төгрөгийн зөрчилд 5 албан шаардлага, 698.8 сая төгрөгийн зөрчилд хариуцлага тооцуулах 1 албан шаардлага, 20,424.9 сая төгрөгийн зөрчилд 1 заалт бүхий зөвлөмжийг аймгийн Засаг дарга болон холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.


2024 онд аймгийн Засаг даргад эрх шилжүүлсэн шинээр болон өмнөх оноос үргэлжлэн хэрэгжих нийт 39 төсөл, арга хэмжээнд 76,120.0 сая төгрөгийн санхүүжилтийг олгохоор төлөвлөснөөс 56,277.4 сая төгрөгийг аймгийн төрийн санд шилжүүлсэн байна. Төрийн сангаас ажлын гүйцэтгэлд үндэслэн 50,547.5 сая төгрөгийг гүйцэтгэгч нарт олгож, 5,729.9 сая төгрөгийг барьцаа хөрөнгийн дансанд төвлөрүүлсэн байна.


Аудитаар:

-Тайлант онд ашиглалтад оруулах 13 барилга байгууламжаас 4 нь гүйцэтгэгчийн буруугаас гэрээний хугацаанд хэрэгжээгүй он дамжсан,

-Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үүрэг даалгаврын биелэлт хангагдаагүй байхад 2 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан,

-Тайлант онд ашиглалтад хүлээн авсан 20,923.2 сая төгрөгийн өртөгтэй 8 барилга байгууламжийг ашиглагч байгууллагууд нягтлан бодох бүртгэлд тусгаагүй зэрэг зөрчлүүд илэрчээ.


Улсын төсвийн 2024 оны хөрөнгө оруулалтаар ашиглалтад хүлээн авсан 20,424.9 сая төгрөгийн 7 барилга байгууламжийг ашиглагч байгууллагын бүртгэлд тусгуулах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллахыг орон нутгийн Өмчийн газарт чиглэл болгосон байна.

Связанные новости