Б.Асадын дэглэм нуран унаснаас хойших анхны парламентын сонгууль боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-10-06 09:26:54

ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 6 /NHK/. Сирид өнгөрсөн оны 12 дугаар сард Башар аль-Асадын дэглэм нуран унаснаас хойших анхны парламентын сонгуулийг ням гарагт зохион байгуулжээ. 


Энэ удаагийн сонгууль нь парламентын 210 гишүүнийг сонгох шууд бус сонгууль байсан бөгөөд тэдний 70-ыг нь тус улсын түр Ерөнхийлөгч Ахмед аль-Шараа томилсон байна. Харин шилжилтийн засгийн газраас сонгогдсон сонгуулийн байгууллагын гишүүд үлдсэн 140 гишүүнийг сонгожээ.


Шилжилтийн засгийн газрын албан тушаалтнууд бүх нийтийн санал хураалт явуулах боломжгүй гэж үзсэн байна. Тус улсад 10 гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны нөлөөгөөр сонгогчдын бүртгэлийг үнэн зөв бүрдүүлэх нь хэцүү байсан гэж тэд мэдэгджээ. Улмаар сонгуулийн зохион байгуулалт шүүмжлэл дагуулсан байна


Аюулгүй байдлын үүднээс зарим газарт санал хураалтыг хойшлуулжээ. Үүнд курдүүдийн хяналтад байдаг зүүн хойд хэсэг болон өмнөд хэсгийн нутаг дэвсгэрүүд багтсан байна. Эдгээр нутагт оны долоодугаар сард Бедуин овог аймгийнхан болон шашны цөөнх друзуудын хооронд хүний амь эрсэдсэн мөргөлдөөн болжээ. 


Улс орныг нь иргэний дайны үр дагавраас сэргээн босгоход хөрөнгө оруулна гэж Сирийн иргэд найдаж байна. Барууны болон бусад улс орон Б.Асадыг засгийн эрхэнд байх үед тавьсан хориг арга хэмжээгээ цуцлахаар ажиллаж байгаа юм. Гэвч сиричүүд дотооддоо эвлэрэх зэрэг олон сорилтыг даван туулах ёстой. Сонгуулийн дараа тус улсын байдал тогтвортой байх эсэх нь тодорхойгүй хэвээр байна. 


Сирийн нийслэл Дамаск хотын иргэд сонгуулийн талаар өөр өөр үзэл бодолтой байгаагаа илэрхийлжээ. 30 гаруй насны нэгэн иргэн хэлэхдээ, сонгууль явуулах нь сайн хэрэг гэдгийг онцлоод, нэр дэвшигчид маш сайн мэдлэг боловсролтой, ард түмнийхээ дуу хоолойг парламентад илэрхийлэх чадвартай байх болно гэжээ. Харин өөр нэгэн эмэгтэйн хувьд, парламент ард түмнийг төлөөлөх ёстой, ард иргэд ирэх жилүүдэд саналаа өгөх ёстой хэмээн хэлсэн байна.

Связанные новости