ХОВД: 27.8 мянган толгой мал өөр аймгийн нутагт отроор өвөлжинө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Ховд аймаг 8000 гаруй малчин өрхтэй бөгөөд 3.7 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан судалгаа гарчээ.
Үүнээс 1895 өрхийн 1 сая гаруй толгой мал өөрийн аймгийн бусад сум, хилийн зурвас бүс нутаг, улсын тусгай хамгаалалттай газруудад оторлоно. Харин 45 өрхийн 27.8 мянган толгой мал өөр аймагт өвөлжиж, хаваржихаар отор нүүдэл хийж буй.
Ховд аймагт энэ жил зуншлага тааруу байсан ба нутгийн 70 орчим хувьд бэлчээрийн даац хэтэрсэн нь өвөлжилт, хаваржилтад сөргөөр нөлөөлж, мал маллахад эрсдэл үүсэж болзошгүй.
Иймээс мэргэжлийн байгууллагууд болон малчид эрсдэлийг урьдчилан тооцож, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг эрчимжүүлжээ.