Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко Хятадын нээлттэй тэмцээнийг өнжинө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
БЭЭЖИН, 2025 оны есдүгээр сарын 18 /AFP/. Дэлхийн чансааг тэргүүлэгч Арина Соболенко энэ сарын эхээр Нью-Йоркт болсон тэмцээний үеэр бэртсэний улмаас ирэх долоо хоногт эхлэх Хятадын нээлттэй тэмцээнд оролцох боломжгүй болжээ.
Одоогоос 10 хоногийн өмнө болсон АНУ-ын нээлттэй тэмцээний финалын тоглолтод Америкийн тамирчин Аманда Анисимоваг буулган авснаар хоёр дахь жилдээ дараалан тус нэр хүндтэй тэмцээнд түрүүлсэн Беларусийн тамирчин есдүгээр сарын 24-нд Бээжинд эхлэх “WTA 1000” ангиллын тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.
“АНУ-ын
нээлттэй тэмцээний үеэр авсан Аринагийн бэртэл бүрэн
эдгээгүй байгаа тул 2025 оны
Хятадын нээлттэй тэмцээнийг өнжихөөр болсон” гэж зохион байгуулагчид мэдэгджээ. Өнгөрсөн жил Бээжинд шөвгийн наймд шалгарсан А.Соболенко Хятадын нийгмийн сүлжээний “Weibo” платформоор дамжуулан мэдэгдэхдээ, Нью-Йоркт тоглож байхдаа хөнгөн бэртсэний улмаас тэмцээнд оролцох
боломжгүй болсондоо ихээхэн харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.
“Би бэртлээ эдгээхэд түлхүү анхаарч, талбайдаа хурдан эргэн ирэхийн төлөө хичээх болно” гэж тэрбээр нэмж хэлжээ. Беларусийн тамирчин 2025 оны “WTA 1000” ангиллын тэмцээний сүүлчийн тэмцээн болох Уханийн нээлттэй тэмцээнд аваргын цолоо хамгаалахаар төлөвлөж байсан юм. “Хятадын хөгжөөн дэмжигчидтэйгээ ирэх жил Бээжинд уулзахыг тэсэн ядан хүлээж байна” гэж 27 настай тамирчин хэлжээ.