38 ДАХЬ ДОЛОО ХОНОГ: Америкийн компаниуд Их Британид томоохон хөрөнгө оруулалт хийхээ зарлалаа

ТОЙМ
khulan@montsame.gov.mn
2025-09-20 12:23:37

УЛААНБААТАР, 2025 оны есдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинд хэд хэдэн онцлох үйл явдал өрнөснөөс юуны түрүүнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британид төрийн айлчлал хийсэн, Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулсан зэргийг онцлох нь зүйтэй. Ингээд өнгөрч буй долоо хоногт өрнөсөн гол үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.  


Д.Трамп Их Британид төрийн айлчлал хийлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Их Британид төрийн айлчлал хийснээр тус улсын төрийн тэргүүнтэй хоёр удаа уулзсан Америкийн анхны ерөнхийлөгч боллоо. Тэрбээр 2019 онд анхны айлчлалынхаа үеэр хатан хаан II Элизабеттай уулзаж байв. Хаан III Чарльз Д.Трампыг урьд хожид байгаагүй баяр ёслолын байдалтайгаар угтан авчээ. Айлчлалын үеэр Microsoft, OpenAI зэрэг Америкийн компаниуд Их Британид томоохон хөрөнгө оруулалт хийхээ зарлалаа.


Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ буурууллаа

АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ энэ онд анх удаа бодлогын хүүгээ буурууллаа. Тодруулбал, бодлогын хүүг 25 суурь нэгжээр бууруулж, 4-4.25 хувьд хүргэсэн юм. Харин Д.Трампын хувьд хүүг илүү олон нэгжээр, хэд хэдэн удаа бууруулахыг ХНС-гаас шаардаж байна. ХНС-гийн удирдах зөвлөлд Стивен Миранийг дэвшүүлэх Ерөнхийлөгчийн саналыг Сенат энэ долоо хоногт баталснаар тэрбээр хуралд оролцсон юм. С.Миран бодлогын хүүг 50 суурь нэгжээр бууруулъя гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Харин Д.Трампын зүгээс удирдах зөвлөлөөс Лиза Күүкийг огцруулахыг оролдсон боловч шүүхийн шийдвэрийн дагуу тэрбээр бодлогын хүүгийн асуудлаарх санал хураалтад оролцжээ.


Индонезид тусламжийн шинэ багцыг танилцуулжээ

Индонезийн Засгийн газар дахин нэг тусламжийг багцыг танилцуулсан нь ядуу буурай өрхүүдийг цагаан будаагаар хангах зэрэг төлөвлөгөө багтсан байлаа. Тус улсад амьжиргааны зардал өсөн нэмэгдэж буй энэ үед улстөрчдийн эдэлдэг хангамж урамшууллыг эсэргүүцсэн жагсаал өрнөсөөр байгаа боловч хүний аминд хүрсэн саяхны жагсаалуудынхтай харьцуулахад хамрах хүрээ нь хумигдсан байна. Үүнээс гадна, Төв банк бодлогын хүүг бууруулснаар хөрөнгийн зах зээлийг цочирдуулжээ.


Балбад ирэх гуравдугаар сард сонгууль болно

Балбад 72 хүн амиа алдсан эмх замбараагүй байдлын дараа шинээр томилогдсон Ерөнхий сайд Сушила Карки ирэх оны гуравдугаар сарын 5-нд явуулахаар товлоод буй сонгуулийн үеэр засгийн эрхийг шилжүүлэн өгөхөө амлалаа. “Бид Z үеийнхний шаардаж байгаагийн дагуу ажиллах ёстой” гэж С.Карки мэдэгдсэн байна. 


TikTok”-ийн асуудлаар тохиролцоонд хүрчээ

TikTok”-ийн Америкт үйл ажиллагаа явуулах эрхийг шилжүүлэх талаар Хятадын талтай тохиролцоонд хүрсэн гэж Д.Трамп мэдэгдлээ. Тодруулбал, уг нийгмийн сүлжээний аппликейшний эзэмшигч “ByteDance” компанид ажиллах боломжийг бүрдүүлэхийн тулд үйл ажиллагааг шилжүүлэх эцсийн хугацааг дахин сунгажээ.


Гэхдээ “TikTok”-ийн талаарх тохиролцоо нь Америк, Хятадын хоорондох технологийн бусад маргаанд хамааралгүй юм. Хэвлэлүүдэд мэдээлснээр, Хятадын интернэтийн зохицуулалтын газар технологийн компаниудыг “Nvidia”-гийн “RTX Pro 6000D” чипийг худалдан авахыг зогсоожээ. Хятадын тал мөн 2020 онд “Mellanox” компанийг худалдан авахдаа “Nvidia” монополийн эсрэг хуулийг зөрчсөн гэж мэдэгдсэн байна.


Израилын тал довтолгоогоо эрчимжүүлж байна 

Израилын тал хуурай замын довтолгоогоо эхлүүлж, Газа хотын ихээхэн хэсгийг хяналтдаа авсан гэж Израилын Батлан хамгаалах хүчин /БХХ/ мэдэгджээ. Палестины олон иргэн амиа алдаж, олон мянган хүн дүрвэсэн бөгөөд БХХ-ий мэдээлснээр, 600 мянган хүн үлдсэн байна. БХХ тус хотод байгаа ХАМАС бүлэглэлийн 3000 гишүүнийг буулган авахыг зорилготой гэдгээ мэдэгджээ. Үүнээс гадна, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Газын ирээдүйн талаар хэлэлцэхээр уулзсан юм. Катар дахь ХАМАС-ын удирдагчдыг устгахад чиглэсэн Израилын цохилтод Д.Трамп сэтгэл дундуур байгааг М.Рубио хүлээн зөвшөөрсөн хэдий ч АНУ Израилыг дэмжсээр байгааг хэлсэн байна.


 Alphabet”-ийн зах зээлийн үнэлгээ 3 их наяд давлаа

Alphabet” компани зах зээлийн үнэлгээ нь 3 их наяд ам.долларын босгыг давсан түүхэн дэх дөрөв дэх компани боллоо. Бусад гурван компанийн тухайд гэвэл, “Nvidia” одоо 4 их наядын үнэлгээтэй болоод байгаа бол “Microsoft”-ынх 4 их наядын босгыг дөнгөж даваад байна. Харин “Apple”-ийн үнэлгээ 3.5 их наяд ам.долларт хүрчээ. “Google”-ийн “Chrome” хөтөчтэй холбоотой монополийн эсрэг нэхэмжлэлийн талаар шүүгч шийдвэрээ гаргасны дараа Alphabet”-ийн хувьцааны ханш ихээхэн өсөөд байгаа юм.


Венесуэлийн мансууруулах бодис ачсан хөлөг онгоцонд АНУ цохилт өглөө

Америкийн цэргийнхэн мансууруулах бодис ачсан хэмээн сэжиглэж буй Венесуэлийн хоёр дахь хөлөг онгоцонд цохилт өгч, гурван “наркотеррористыг” устгасан гэж Д.Трамп мэдэгдлээ. Үүний зэрэгцээ, Америкийн засаг захиргаа Колумби улсыг мансууруулах бодистой тэмцэхэд хамтран ажиллахаас татгалзсан орнуудын жагсаалтад оруулжээ. Колумбид кокаины үйлдвэрлэл огцом өсөж байгаа боловч тус улсын зүүний үзэлт Ерөнхийлөгч Густаво Петро мансууруулах бодисны бүлэглэлүүдийн эсрэг ажиллагааг дэмжих тал дээр өмнөх төрийн тэргүүн нартай харьцуулахад сул ажиллаж байна. Тэрбээр виски нь кокаинтай харьцуулахад илүү олон хүний аминд хүрдэг гэж хэлж байсан удаатай.


Ирэх долоо хоногт болох гол үйл явдлууд:

  • НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр түвшний хэлэлцүүлэг есдүгээр сарын 23-нд эхэлнэ.
  • НҮБ-ын Уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалт есдүгээр сарын 24-нд болно.
  • Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны /АСЕАН/ Эдийн засгийн сайд нарын уулзалт Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо есдүгээр сарын 22-28-нд болно.  
  • Молдовагийн парламентын сонгууль есдүгээр сарын 28-нд болно.
  • Талбайн теннисний Хятадын нээлттэй тэмцээн Бээжин хотноо есдүгээр сарын 24-нд эхэлнэ.
  • Гольфын “Ryder Cup” тэмцээн АНУ-ын Нью-Йорк муж улсад есдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд үргэлжилнэ.

 

Связанные новости