74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн башёг ганцаараа тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-23 15:55:33

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Намрын барилдаан дуусахад таван өдрийн барилдаан үлдлээ.


Эхний есөн өдрийн дараа 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ганцаараа есөн даваатай тэргүүлж байгаа бол араас нь отгон аварга Оносато нэхсээр... Дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүд бүгд тавин хувийн амжилт үзүүлэх боломжтой. Сумогийн хамгийн ахмад бөх Тамаваши Б.Мөнх-Оргил л гэхэд есөн өдрийн дараа гурван даваатай байлаа. Тэр үлдсэн зургаан барилдааны тавд нь давахад качигоши буюу тавин хувийн амжилтаа үзүүлж комүсүби цолонд хүрнэ.


Тэгвэл цагтаа макүүчид зодоглож байсан Миторюү Б.Төрболд зодог тайлахаар болсноо хэвлэлийн хурал зарлаж мэдэгджээ. “Нишикидо” дэвжээнд харьяалагддаг тэрбээр Аки башёд макүшитагийн барууны 7-д жагсаж байсан бөгөөд бэртлийн улмаас их сумог орхихоос аргагүйд хүрсэн байна. Тэр 2010 онд Японд очсоноос хойш сонирхогчдын ёкозүна, оюутны ёкозүна цолонд хүрэхийн сацуу гадаадаас төрсөн анхны оюутны ёкозүна гэдгээрээ сумод танил болсон юм. 2017 оны Зуны тэмцээнд макүшитагийн 15-аас эхлэн барилдаж, 2022 онд дээд зиндаанд дэвшиж байлаа.


Нурууны өвчин нь зодог тайлах гол шалтгаан болсныг Миторюү Б.Төрболд дурдаад “Бэртлээс болж хүссэн амжилтдаа хүрч чадаагүй учраас харамсалтай байна” гэжээ. Тэр нуруу, өвдөг, тохой гээд олон удаа мэс засалд орсон. Маэгаширагийн 13-д жагссан нь түүний хувийн дээд амжилт бөгөөд макүүчид тав, жюүрёод 40 башё барилджээ. Есөн өдрийн дараа монгол сумочид ямар амжилттай явааг танилцуулъя.


Монгол бөхчүүд

Макүүчи

Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн 9-0

Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн 5-4                        

М-1 Тамаваши Б.Мөнх-Оргил 3-6

М-6 Оонокацү Б.Чойжилсүрэн 5-4

М-7 Оошёома П.Дэлгэрбаяр 5-4

М-11 Роога А.Амарсанаа 5-4

Жюүрёо

Б-2 Чиёошёома Г.Мөнхсайхан 4-5

З-7 Тамашёохо Э.Энхманлай 3-6

Б-11 Асахакүрюү Р.Жамъянтогтох 7-2

З-13 Кёкүкайюү Ш.Далайбаатар 3-6

Макүшита

Б-7 Миторюү Б.Төрболд /зодог тайлсан/

З-10 Сэйхакүхо Ө.Дэмиджамц 3-2

Б-14 Котокэнрюү Г.Билгүүн 4-1

З-15 Дэванорюү Т.Тэмүүлэн 4-1

Б-27 Казэноүми Ц.Билгүүн 4-1

З-28 Хокүтэнкай Г.Сүхбат 1-4

З-35 Саданохикари Д.Наранцогт 3-2

З-54 Дайшёохо Ч.Шижирбаяр 3-2

Б-57 Тэнросэй С.Лувсангомбо 3-2

Санданмэ

Б-15 Госэйзан Б.Мөнх-Од 3-2

Жонидан

Б-2 Сачинофүжи Г.Оргил 2-3

Жонокүчи

З-24 Тацүбаяма М.Буянтогтох 5-0



Связанные новости