Нутаг нутгийн брэндийг дэлгэсэн “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн хөл хөдөлгөөн ихтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-25 10:43:45

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Нийслэлийнхний хамгийн их хүлээдэг намрын эвентүүдийн нэг нь “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа юм.


2002 оноос эхлэлтэй эл үзэсгэлэнг иргэд хүлээдэг нь цаанаасаа л учиртай. Нутаг нутгийн брэндүүдийг амтлах, хүссэн хэмжээгээрээ авах боломжийг “Намрын ногоон өдрүүд” олгодгоороо онцлогтой. Тиймээс нийслэлийнхэн цаг заваа зохицуулан, тохируулан энэхүү үзэсгэлэнг зорьж очдог билээ. Коронавируст цар тахлын үеийн гурван жилийг эс тооцвол тасралтгүй 20 дахь удаагаа болж буй энэхүү уламжлалт үзэсгэлэнг анх “Мишээл экспо”-д зохион байгуулдаг байв. Тухайн үед нутаг нутгийн брэнд, жижиг, дунд үйлдвэрлэл гэхээсээ илүүтэй тариаланчдын тариалсан шинэ бөгөөд шинэлэг ногоо, шилмэл үүлдрийн таван хошуу тал, газар тариалангийн шилдэг технологи, ноос, ноолуур зэргийг нийслэлийнхэнд үзүүлдэг байлаа. Жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуй одоогийнх шиг сайн хөгжөөгүй байсан цаг. Ховдын амтат тарвас, Говь-Алтайн бэсрэг алим, зарим нэр төрлийн нарийн ногоог “Намрын ногоон өдрүүд”-ээс олж авдаг байсан цаг саяхан. Тэгвэл өнөөдөр тариаланчид хүнсний ногоог 20, 30 төрлөөр нь тарьж, өрхийн аж ахуй эрхлэгчид сүү, цагаан идээгээ бүрэн боловсруулж, нийслэлийнхэнд нийлүүлдэг болжээ. Тиймээс “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа нийслэлийнхнийг шинэ хүнсний ногоо, цагаан идээгээр хангадаг бол малчид, тариаланчид орлогоо дээшлүүлж, эдийн засгаа сайжруулахад чухал хувь нэмэр оруулдаг байна.

Ингээд энэхүү үзэсгэлэнгээс бэлтгэсэн сурвалжилгаа хүргэе.











Төв цэнгэлдэх хүрээлэнд дөхөн очуут шинэ ургацын ногооны гоёхон үнэр сэнгэнэнэ. Энэ нь “Намрын ногоон өдрүүд” үргэлжилж байгааг илтгэнэ. Нийслэлийн хүн амын хүнсний тогтвортой хангамжийг бэхжүүлэх, дотоодын шилдэг бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх, үйлдвэрлэгчдийн борлуулалт, зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэ технологи, органик үйлдвэрлэлийг дэмжих, тариаланчдын шинэ ургацын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд шууд хүргэх зорилготой эл үзэсгэлэнд 21 аймаг, есөн дүүргийн  үндэсний үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгч компаниуд болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн шинэлэг, олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээр оролцож байгаа аж.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, “Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын гол зорилт нь хүн амыг эрүүл, аюулгүй, чанартай хүнсээр тогтвортой хангах, үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх, экспортыг нэмэгдүүлэх чиглэж ирсэн. Монгол Улсын ДНБ 2025 оны эхний хагас жилд 5.6 хувиар өсөхөд, үүний 3.6 хувийг хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчид дангаараа бүрдүүллээ. Өнөөдөр бид төрөөс хэрэгжүүлж буй хүнсний хангамж, аюулгүй байдал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих “Хүнсний хувьсгал”, “Атрын IV аян”, “Шинэ хоршоо”, “Цагаан алт” хөтөлбөр амжилттай үр дүнгээ өгч буйг харж байна” хэмээн онцоллоо.


Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар, “Монгол Улс цаашид хүнсний ногоо, улаан буудай зэргийг тариалж, өөрийн хэрэгцээгээ дотооддоо 100 хувь хангах зорилтыг дэвшүүлэн, ажиллаж буй. Энэ хүрээнд хоёр сая орчим хүн оршин суудаг нийслэл гэх их айлын хүнсний хэрэгцээг найдвартай хангах чиглэлээр ХХААХҮЯ-тай хамтран томоохон төслүүдийг эхлүүлсэн. Тухайлбал, өнгөрсөн онд нийслэлийн нутаг дэвсгэрт “Агро-сити” хэмээх газар тариалан, хүнсний ногооны эрчимжсэн бүс байгуулах шийдвэр гаргаж, Захирагчийн албыг байгуулсан. Тус эдийн засгийн тусгай бүс нь Улаанбаатар хотын хүнсний ногооны хэрэглээг дотооддоо хангах, импортыг орлох бүтээгдэхүүнийг бий болгох үндсэн зорилготой. Тус бүсэд тариаланч, ногоочдын үйл ажиллагаа эрхлэх боломжийг хангах зорилгоор дэд бүтэц татах ажлыг ирэх онд эхлүүлнэ” гэв.


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Атрын IV аян” үндэсний хөдөлгөөнтэй хамтран зохион байгуулж буй үзэсгэлэнд 400 гаруй аж ахуйн нэгж, хоршоо, иргэн бүтээгдэхүүнээ дэлгэснийг зохион байгуулагчид онцоллоо.

Энэ жилийн тухайд газар тариалан эрхлэгчдийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайн асарт байрлуулсан нь өмнөхөө бодвол илүү эмх цэгцтэй байв. Өнгөрсөн даваа гарагт эхэлсэн “Намрын ногоон өдрүүд”-ийн эхний хоёр өдөр хөл хөдөлгөөн багатай байжээ. Хүйтэн, бороотой байсан учраас тэр аж. Харин өчигдрөөс иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдсэнийг оролцогчид хэлж байна. Цаг агаарын тухайд энэ сарын 24-нөөс эхлэн зургаан хоногийн турш нарлаг, таатай байх төлөв гарсан. Тэр утгаараа иргэд цэнгэлдэхийг зорьж, хүссэн бүтээгдэхүүнээрээ тааваараа сонжиж байгаа харагдана. Ихэвчлэн ахмад настнууд ач зээ, үр хүүхдээ дагуулан нутаг нутгийн брэнд цагаан идээний асаруудаар эргэлдэх бол дунд эргэм насны бүсгүйчүүд гадна талбайд байрлах хүнсний ногооны орчмоор холхиж байна. Өвөл, хаврын турш идэхээр даршлах нарийн ногоо харж яваа нь энэ ажээ. Сүүлийн 10-аад жилд тариаланчдын тариалах хүнсний ногооны төрөл зүйл олширсон. Сорт ч төрөлжсөнийг үзэсгэлэн худалдаанаас харж болно. Урд хөршөөс импортолдог байсан бууцай, юуцай, цоо байцай, цоохор майлзаас эхлээд бүхий л төрлийн навчит ногоог Монголын тариаланчид эх орныхоо хөрсөнд тарьж ургуулж байна. Харин түүнийг их хэмжээгээр дарж, нөөцөлж авах боломж нь зөвхөн намар цагт л тохиодог. Тиймээс гэрийн эзэгтэй нар, ногоо даршлах хоббитой эрчүүд ийн эргэлдэх аж. Бусдын адил Төв цэнгэлдэхээр тойрч нутгийн брэндүүдийг шинжлээ.















Нийслэлийнхэн цагаан идээний хэрэглээний бараг талыг нь хангадаг Архангайнхан айраг, цагаан идээгээ дэлгэжээ. Хотонт сумын айраг 10 мянган төгрөгийн үнэтэй бол чихэртэй, чихэргүй ааруулаа хэлбэр, хийцээсээ хамааран 30-45 мянган төгрөгөөр борлуулж байна. Цаашлаад Баянхонгорын алдарт тэмээн тавхай ааруул зарж байгаа иргэнтэй тааралдаж, үнэ сонирхвол 65 мянган төгрөг гэв. Говь-Алтайнхан газрын алим, хөх арвайн гурилтайгаа иржээ. Тэр үнэр нь ёстой тансаг. Харин Дундговийнхон айраг, цагаан идээ, хөмүүлтэйгээ нийслэлд ирсэн байх юм. Айраг нь дууссан гэнэ. Өвөрхангайнхан цагаан идээнээс гадна шар сүүний хатаамлаа худалдаж байна. Хэнтийнхэн цөцгий болон мойлтой тосоо, Завханыхан байгалийн жимс, алдарт улаан хальст сармисаа, Дорнодынхон зөгийн балаа, Сэлэнгийнхэн утсан загас, брэнд талхаа, Ховдынхон амтат гуа, тарвасаа, Хөвсгөлийнхөн цааны ясаар хийсэн гар урлал, самар, цагаан идээгээ, Булганыхан айргаа, Увсынхан алдарт чацарганаа, Баян-Өлгий аймгийнхан улаан ааруул, казаараа “Намрын ногоон өдрүүд”-д оролцож байна. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид үндэсний хэв маяг, орчин үеийн шингээсэн хувцас, гар урлал, цүнх, гутлаа дэлгэсэн бол үндэсний үйлдвэрлэгч “Талх чихэр”, “Мах импекс”, “Очирдагинас”, “АПУ Дэйри”, “Сүү”, “Вит а фит” компанийнхан нэрийн бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр хэрэглэгчдэд хүргэж байлаа.










“Намрын ногоон өдрүүд”-ээр худалдаж буй бүтээгдэхүүний үнэ хамгийн багадаа 2000 төгрөгөөс эхэлж байна. Өнөөдөр, маргааш, нөгөөдөр болон ням гаагийг дуустал энэхүү үзэсгэлэн үргэлжилнэ.


Ялангуяа амралтын өдрүүдэд цаг агаар таатай байх тул иргэдийг зорин очиж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг энэхүү сурвалжилгаар дамжуулан уриалъя. Эрүүл, аюулгүй хүнсийг эндээс авах боломжтой. 



Связанные новости