АРХАНГАЙ: Соёлын өвийг хамгаалах хамгаалалтын захиргаа байгуулах хэрэгцээ шаардлага байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-09-26 14:44:07

Эрдэнэбулган, 2025 оны есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Дэлхийн өвийн хосгүй үнэ цэн хийгээд олон нийтийн мэдлэгийг бэхжүүлэх сургалт Архангай аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд өнөөдөр боллоо.


Энэхүү сургалтыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлдэг, ЮНЕСКО-гийн 2024-2025 оны оролцооны хөтөлбөрийн “Монголын буган хөшөөний соёлын мэдлэгийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгууллаа.


Сургалтын зорилго нь Архангай аймгийн нутагт байгаа соёлын гайхамшигт өв буган хөшөөг орон нутаг, иргэдэд таниулах, соёлын төвийн ажилтнуудад сүүлийн үеийн онолын болон практик судалгааны үр дүнг танилцуулах, цаашид хадгалалт хамгаалалтын асуудалд иргэд, олон нийтийн анхаарлыг хандуулах, мөн яг газар дээр нь дурсгалт газрыг хамгаалж байгаа иргэдэд мэдээлэл өгөх урамшуулах юм.


Сургалтаар дэлхийн өвд бүртгэгдсэн буган хөшөө хүн төрөлхтний хосгүй үнэт өв болох нь, Архангай аймгийн соёлын өвийн дурсгалт газруудын судалгааны үр дүн, олон нийтийн мэдлэгийг бэхжүүлэх, цаашид хадгалж хамгаалах менежментийн асуудлууд гэсэн хоёр чиглэлээр зохион байгуулсан юм.


Энэ чиглэлд буган хөшөөний нийгэм, соёлын хосгүй үнэ цэнэ, дэлхийн өвд бүртгэгдсэн буган хөшөө ба хүрлийн үеийн цогцолбор дурсгалууд, ангилал, он цаг,  тэдгээрийн судалгаа, хиргисүүр гэж юу болох, Архангай аймгийн археологийн өвийн судалгаа гэсэн сэдвүүдээр илтгэл мэдээлэл тавьж, оролцогчдын мэдлэгийг нэмсэн юм.


Сургалтын төгсгөлд соёлын өвийн дурсгалт газруудыг хэрхэн хамгаалах талаар хэлэлцүүлэг өрнөлөө. Ер нь бол мэргэжлийн хүмүүсийн үзсэнээр хамгаалалтын захиргаа байгуулах хэрэгцээ шаардрага байна гэдгийг онцолсон.  


Дэлхийн өвийн томоохон төлөөлөл бол буган хөшөө. Дэлхий дээр байгаа буган хөшөөний 80 хувь буюу 1300 гаруй нь Монгол Улсын нутагт байна. Харин хилийн чанадад 300 гаруй буган хөшөө байдаг байна. Мөн дэлхийн хамгийн шилдэг уран хийцтэй, баялаг агуулгатай, хамгийн том буган хөшөөний цогцолбор Монголд л бий. Буган хөшөөний өвийг 2023 онд дэлхийн өвд бүртгүүлснээр буган хөшөө Монголын соёлын өв хэмээн дэлхийн хэмжээнд баталгаажсан юм.


Монгол Улсаас дэлхийн өвийн жагсаалтад зургаан дурсгалт газар орсон байдаг. Үүний хоёр нь байгалийн өв, дөрөв нь соёлын өв байна.


Дэлхийн өв гэдэг нь зөвхөн монголын соёлын дурсгал бус хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл, нийтлэг соёлын өв гэж үздэг. Дэлхийн өвд олон дурсгалаа оруулсан улс орнууд соёлын хувьд хүчирхэг гэдгээ харуулдаг байна. Монгол Улс дэлхийн өвийн тоогоороо 57-д жагсдаг бол дэлхийн өвөө хүн амын тоонд хувааснаар нь харвал дэлхийн шилдэг арван улсын нэгэнд багтдаг гэдгийг МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн захирал, доктор, профоссор Ц.Төрбат хэлж байлаа.


Архангай аймгийн тухайд түүхэн цаг үед холбогдох олон дурсгалт газрууд бий. Өнөөдрийн байдлаар аймаг, улсын тусгай хамгаалалтад 57 дурсгалт газар байна.

Связанные новости