Малайзын хөлбөмбөгчдийн эрхийг хасчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-09-27 17:57:30

ЖЕНЕВ, 2025 оны есдүгээр сарын 27. /ТАСС/Бичиг баримтаа хуурамчаар үйлдсэн Малайзын шигшээ багийн долоон тоглогчийн эрхийг тодорхой хугацаагаар хасах шийдвэрийг Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ Сахилга батын хорооноос гаргасан байна.


ФИФА-гийн ёсзүйн хэм хэмжээг зөрчсөн хөлбөмбөгчин Габриэл Пальмеро, Факундо Гарсес, Родриго Ольгадо, Иманол Мачуку, Жоао Фигейредо, Хон Ирасабал, Хектор Хевел нарт уг арга хэмжээг авчээ. Тэдний хөл бөмбөг тоглох, хөл бөмбөгтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх эрхийг 12 сараар хассан бөгөөд тамирчин тус бүр 2 мянган швейцар франкийн торгуулийг ФИФА-д төлөх ёстой. Түүнчлэн Малайзын Хөл бөмбөгийн холбоог 350 мянган швейцар франкаар /375 мянган евро/ торгосон байна.


Дээрх 7 тоглогч иргэншлийн талаарх бичиг баримтаа хуурамчаар бүрдүүлж, зургаадугаар сарын 10-нд Куала-Лумпур хотод болсон 2027 оны Азийн цомын тэмцээний урьдчилан шалгаруулах шатанд Вьетнамын шигшээтэй хийсэн тоглолтод оролцсон бөгөөд талбайн эзэд 4:0 харьцаагаар хожжээ. Хөлбөмбөгчид 2025 оны эхээр Малайзын иргэн болсон даруйдаа шигшээ багийн бүрэлдэхүүнд орсон байна. Харин ФИФА-гийн дүрэмд зааснаар, эдгээр тоглогчид шигшээд орохын өмнө Малайзын аварга шалгаруулах тэмцээнд 5 жил тоглосон байх ёстой ажээ.


Мөн ФИФА-гийн Сахилга батын хорооноос дээрх тоглогчид цаашид Малайзын шигшээд тоглох эрхтэй эсэхийг тодруулахаар ФИФА-гийн хөлбөмбөгийн трибуналд хандсан байна.


Одоо Малайзын Хөл бөмбөгийн холбоо ба тоглогчдын хувьд ФИФА-гийн шийдвэрийг давж заалдах 7 хоногийн хугацаа бий. 

Связанные новости