Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-29 13:47:11

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Гадаад хэргийн сайд нарын 24 дэх удаагийн уулзалт Нью-Йорк хотноо энэ сарын 26-нд болов.

 

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг эл уулзалтад оролцож хэлсэн үгэндээ, Авазагийн Үйл ажиллагааны хөтөлбөрт туссан олон чухал ажлыг үр дүнтэй, цаг хугацаанд нь хэрэгжүүлэхийн зэрэгцээ улс орнууд үндэсний түвшинд хүлээсэн үүрэг амлалтуудаа тууштай хэрэгжүүлэх замаар ДГХБО өмнөө тавьсан зорилтуудаа бодит ажил хэрэг болгох боломжтой гэдгийг цохон тэмдэглэв.

 

Тэрбээр Авазагийн Үйл ажиллагааны хөтөлбөрийн үр дүнтэй хэрэгжилтэд Улаанбаатар хотод төвтэй ДГХБО-ын Олон улсын судалгааны төв дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг тэмдэглэж, тус судалгааны төвийг байгуулах тухай Олон улсын хэлэлцээрт нэгдэж орохыг гишүүн орнуудад уриаллаа.

 

Ирэх онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц болон Биологийн олон янз байдлын тухай Риогийн конвенцын Талуудын бага хурлыг Монгол болон Армени Улс тус тус хүлээн авч зохион байгуулах нь ДГХБО-ын хөгжлийн асуудлыг ахиулахад чухал боломж болохыг мөн онцоллоо.

 

Уулзалтаас Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт, түүнийг эрчимжүүлэх арга зам, Авазагийн Үйл ажиллагааны шинэ хөтөлбөрийн зорилго, чиглэл, үйл ажиллагааг тусгасан Сайд нарын тунхаглалыг батлав.

 

Связанные новости