Орон нутагт АТГ- ын олон нийтийн дэд зөвлөл ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬӨнгөрсөн долоо хоногт АТГ-ын ажлын хэсэг Дундговь аймагт ажилласан. Энэ үеэр ажлын хэсэг орон нутагт шинээр байгуулах АТГ-ын олон нийтийн дэд зөвлөлд ажиллах иргэдийн хүсэлтийг хүлээн авч, сонгон шалгаруулсан байна.
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд АТГ- ын олон нийтийн дэд зөвлөлийг байгуулан ажиллах бөгөөд дэд зөвлөлд ажиллах боломжтой 20 гаруй иргэний анкетийг хүлээн авч сонгон шалгаруулсан байна. Ингэхдээ урьд нь Цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын газарт санхүүгийн хяналтын чиглэлээр ажиллаж байсан туршлагыг харгалзан иргэн Л.Лхагваа, Ж.Мягмарсэрээжид нарыг сонгожээ. Үүн дээр дахин нэг хүнийг сонгон шалгаруулснаар Дундговь аймаг аймаг дахь олон нийтийн дэд зөвлөл 3 хүний бүрэлдэхүүнтэй болно.
Орон нутаг дахь олон нийтийн дэд зөвлөл нь Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн удирдлага дор ажиллах бөгөөд хуульд заасны дагуу авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх, олон нийтэд авлигын хор хөнөөлийн талаар ухуулан таниулах, авлигаас ангид нийгмийн орчинг бий болгох, авлигыг үл тэвчих ёс суртахууныг төлөвшүүлэх, төрийн байгууллагуудын ил тод нээлттэй байдлыг хангах, хүнд суртал, чирэгдлийг арилгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах зорилготой ажээ.
Т. Отгонтуяа