Нүүрс тээврийг нэмэхээр тохиролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-30 15:13:45

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Манай улс өдөрт дунджаар 1500 нүүрс тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлж байсан бол Тэргүүн Шадар сайд Н.Учрал, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар Ганцмод-Гашуунсухайт боомтод ажиллах үеэрээ энэ тоог 2000-2500 хүртэл нэмэхээр тохиролцлоо.


Сайд нар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын удирдлагуудтай уулзаж, хилийн нэвтрэлтийг олшруулах, өөрийн талд байгаа зай талбайг өргөтгөх, гаалийн албан хаагчдын тоог нэмэх, татан авалтыг сайжруулахад хоёр тал хамтран ажиллахаар болжээ.


Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаад худалдааны эргэлтийг нэмэх, уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрсний экспортыг нэмэх бодлого, үйл ажиллагааны талаар санал солилцов. Мөн шинэ Засгийн газар байгуулагдсан хугацаанд нүүрсний худалдааг биржээр арилжих, хил гаалийн үйл ажиллагааг уян хатан зохион байгуулах, тээвэрлэлтийн хурдыг нэмэх зэрэг үр дүн гарсныг онцоллоо.




Талууд, нүүрсний экспортыг 2025, 2026 оны зорилтот түвшинд хүргэхийн тулд хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог өдөрт 2500 болгон нэмэх, боомтын хүчин чадлыг бүрэн ашиглах, автомат удирдлагатай чингэлэг тээврийн AGV терминалын ажиллагааг 24 цагийн горимд шилжүүлэх, хилийн боомтуудаар зарим ачаа бүтээгдэхүүн импортлох зөвшөөрөл авах зэрэг асуудлыг хэлэлцжээ.


Биржийн арилжааны нүүрс гарахгүй, амны гэрээ буюу урт хугацаатай, бага үнэтэй гэрээгээр нүүрс гаргау, биржийн идэвх сул байсан юм. Засгийн газрын тогтоол гарснаар экспортын нүүрсний 8 хувийг биржээр арилжиж байсныг 31 хувьд хүргэсэн. Ингэснээр, АМНАТ дөрөв дахин өсөж, энэ хэрээр улсын төсөв бүрдэлт нэмэгджээ. 



Связанные новости