ЗАВХАН: Ахлах ангийн хүүхдүүд эх оронч үзлийг хөтөлбөрөөс танин мэдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-09-30 15:26:29

Улиастай, 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Завханы Тосонцэнгэл, Их-Уул сумын ахлах ангийн хүүхдүүд гамшиг ослын үед өөртөө болон бусдад туслах чадваруудыг суралцангаа өрсөлдсөн байна. 


“Эх орон-36” хөтөлбөр нь хүүхэд, өсвөр үеийнхэнд эх оронч, хүмүүнлэг, бие даасан иргэн болж төлөвших, багаар ажиллах, эх дэлхийгээ хайрлан хамгаалах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх. Бусдын өмнө хариуцлага хүлээх чадвар, эерэг хандлага бий болгох зорилготой юм.


Тус хөтөлбөр нь өртөөчилсөн мэдлэг олгох сургалт, танхимын сургалт, уралдаан тэмцээнүүдийг багтаасан цогц хөтөлбөр юм. Энэ удаад Их-Уул, Тосонцэнгэл сумын 11 бүлгийн 110 хүүхэд “Эх орон-36”, “Өсвөрийн аврагч-2025” хөтөлбөрүүдэд нэгэн зэрэг хамрагдлаа. Энэхүү үйл ажиллагааг Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтэс, Завхан Скаутын холбоо, аймгийн Улаан загалмайн хороо, Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын 1-р сургууль хамтран зохион байгууллаа.


Хөтөлбөрт үйл ажиллагааны хүрээнд хүүхдүүд Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, гамшиг ослын үед хэрхэн ажиллах талаарх таниулах сургалтад хамрагдав.


Гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, болзошгүй аюул осол тохиолдоход өөрийгөө хамгаалж бусдад дэмжлэг үзүүлэх чадамжтай болгох нь эх оронч үзлийг хүүхдүүдэд таниулна. Эдгээр хөтөлбөрт хамрагдаж байгаа хүүхдүүд шинэ чадвар, мэдлэгийг олж танин мэдсэнээр цаашид өсвөрийн аврагч болох юм. Тэд энэ удаагийн сургалтаар эх орныхоо үнэ цэнийг мэдэрдэг, эх орноо хайрладаг, хоорондоо нэгнээ ойлгож, дэмждэг, хариуцлагатай иргэн болох эхлэл, чадварыг богино хугацаанд танин мэдсэн. Өөрөөр хэлбэл бусдад туслах сэтгэлтэй, өөрийн үүрэг хариуцлагыг, яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэх чадвартай байх дадлуудыг мэдэж авч буй юм. 


Мөн хөтөлбөрийн хүрээнд Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн дотуур байрны хүүхдүүдэд "Бүлэг, хамт олны харилцаа", "Анхны тусламж хэрхэн үзүүлэх" үзүүлэх сургалтыг хийсэн байна. Аймгийн хүн ам ихтэй, томоохон сумдад хийсэн энэ удаагийн хөтөлбөрт үйл ажиллагаа нь хүүхдүүд гамшгийн эрсдэлийн үед өөртөө болон бусдад хэрхэн туслах талаар заалгаж суралцсан. Хүүхдүүд танин мэдсэн чадваруудаараа өрсөлдөж авхаалж самбаагаа сорьсон үр дүнтэй үйл ажиллагаа боллоо хэмээн Завхан аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газраас мэдээлэв. 

Анхны тусламж үзүүлэх чадвараараа өрсөлдөв

Түймрийн үед багаж хэрэгсэлтэй хэрхэн ажиллах талаар заалгаж танин мэдэв

Связанные новости