АРХАНГАЙ: Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлд хяналт шалгалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-10-01 11:00:51

Эрдэнэбулган, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Архангай аймагт үйл ажиллагаа явуулж буй бүх шатны боловсролын сургалтын байгууллагуудын 2025-2026 оны хичээлийн жилийн бэлтгэл ажилд 9 дүгээр сарын 2-21-ний өдрүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг аймгийн ХХААГ-аас хийжээ.


Хяналт шалгалтад Эрдэнэбулган, Чулуут, Хотонт сумын Өндөрсант багт үйл ажиллагаа явуулж буй 8 сургууль, 17 цэцэрлэгийн гал тогоо, “Үдийн цай” хөтөлбөрийн болон дотуур байрны гал тогоо, бэлтгэн нийлүүлэгч 3 аж ахуйн нэгж нийт 31 байгууллагыг хамруулсан байна.


Сургууль, цэцэрлэгүүд нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг авахдаа бэлтгэн нийлүүлэгчтэй гэрээ байгуулж, орон нутгийн болон үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг авч хэрэглэдэг, хоолны газрууд нь хоол үйлдвэрлэлийн болон үйлчилгээний технологи ажиллагаа, хоолны жор, орц, илчлэг, шим тэжээллэг чанар, хоолны цэсэд тусгагдсан илчлэг нормыг мөрдөн ажиллаж байна.


Шалгалтаар бичиг баримтын бүртгэл дутуу хөтөлсөн 43 дутагдлыг арилгуулжээ.


Цаашид гэрээт байгууллагууд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шинжилгээний бичиг баримтуудыг бүрэн өгч хэвших шаардлагатай байгааг мэдээлэлдээ дурдлаа.

Связанные новости