Т.Жамбалцэрэн: Олон улс болон үндэсний стандарт, чанарын баталгааны тогтолцоог зөв хэрэгжүүлэх шаардлагатай
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. “Дэлхийн хүнсний өдөр”-ийг дэлхийн 150 улс 44, Монгол Улс 23 дахь жилдээ тэмдэглэж байгаа байна.
Энэхүү өдрийг тохиолдуулан “Хүнсний аюулгүй байдал-Стандарт чанарын баталгаа” эрдэм шинжилгээний бага хурлыг ес дэх жилдээ зохион байгууллаа. Хурлыг ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгчийн газар, Монголын хүнсчидийн нэгдсэн холбоо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв, ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуультай хамтран зохион байгуулав.
Хурлыг нээж ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үг хэлэхдээ, “Хүнсний аюулгүй байдал нь хүн бүрийн эрүүл мэнд, амьдралын чанарыг хамгаалж, хүнсний салбарын тогтвортой хөгжлийг хангахад хамгийн чухал суурь тулгуур болдог. Олон улсын болон үндэсний стандарт, чанарын баталгааны тогтолцоог зөв хэрэгжүүлэх нь хүнсний аюулгүй байдлыг хангахад зайлшгүй шаардлагатай. Иймээс хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулахад оюутан, судлаач, эрдэмтэн мэргэжилтнүүдийн гүйцэтгэх үүрэг, хувь нэмрийг үнэлж, төрийн бодлого, шийдвэрийг шинжлэх ухаанд тулгуурлан хэрэгжүүлэх, салбарын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг хамтран тодорхойлоход чухал ач холбогдолтой” хэмээлээ.
Хуралд оролцсон эрдэмтэн, судлаачид хүнсний аюулгүй байдал, бичил биетний тэсвэржилт, ЕБС-ийн үдийн хоолонд хийсэн тандалт, буудайн гурилын стандартын шинэчлэл, зэрлэг аньс жимсний зарим биологийн нэгдэл болон бусад хүнсний бүтээгдэхүүнд хийсэн судалгаа, дүн шинжилгээ, стандартын талаар хэлэлцүүлэв. Энэ үеэр судлаачид хүнсний гарал үүсэл, хяналт, баталгаажуулалтын тогтолцоог сайжруулах, олон улсын стандарттай нийцүүлэх, ариутгал халдваргүйжүүлэх шалгалтыг тогтмол хийх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр бодлогын санал гаргалаа. Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүнд мөрдөх эрүүл ахуй, чанарын тогтолцооны ач холбогдол, лабораторийн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээний тухай судалгааны ажлуудыг танилцуулсан юм.
Ташрамд дурдахад, дэлхий даяар жил бүр 10 хүн тутмын нэг нь хүнсний гаралтай өвчнөөр өвчилдгийг судалгаагаар тогтоожээ. Харин хүнсний чанар, стандартын баталгааг сайжруулах нь зөвхөн эрүүл мэндийн асуудал бус, нийгмийн аюулгүй байдлыг хангадаг аж.