“Зүрх судасны үндэсний төв” байгуулахтай холбоотой зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-10-02 11:32:47

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны энэ сарын 1-ний өдрийн хамтарсан хуралдаанаар Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцэв.


Хэлэлцээрийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн II зүйлд “Зүрх судасны үндэсний төвийг төрөлжүүлэн байгуулна” гэж, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний III зүйлд “Зүрх, судасны үндэсний төвийг барих” гэж тус тус заасан болохыг сайд танилцуулгадаа онцлоод, уг төслийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 34.9 сая ам.долларын зээл болон Люксембургийн Их Гүнт Улсаас олгох 22.5 сая евро /26.4 сая ам.доллар/-ийн буцалтгүй тусламжийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөн, хэлэлцээрийг хийгээд байна гэв. 


Уг хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу УИХ-аар соёрхон батлагдах гэрээ аж. Зээлийн баталгаат овернайт санхүүжилтийн хүү дээр 1.6 хувийн нэмэгдэлтэй, 18 жилийн хугацаанд эргэн төлөгдөх, үүнээс дөрвөн жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна. Төсөл хэрэгжсэнээр зүрх судасны эмнэлгийн 120 ортой тусгай зориулалтын барилгыг шинээр барьж, тоног төхөөрөмжөөр бүрэн ханган ашиглалтад оруулах төдийгүй зүрх судасны төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлж, жил бүр өсөн нэмэгдэж байгаа зүрх судасны өвчлөл, нас баралтын хэмжээг бууруулах ач холбогдолтойг Сангийн сайд танилцуулгадаа онцлов.


Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа, 1990 оноос хойш эрүүл мэндийн салбарт хэрэгжих гэж байгаа хамгийн үр дүнтэй хэлэлцээр нь энэ төсөл юм. Нийтдээ 57 сая еврогийн төслийн 40 хувь нь буцалтгүй тусламжаар хэрэгжих холимог санхүүжилттэйг тодотгов. Мөн эмнэлгийн барилгыг гурван жилийн хугацаанд барих бөгөөд үйл ажиллагааг нь хэвийн болгох, чадавхжуулах, бэхжүүлэх ажил хоёр жил, нийт таван жилийн хугацаанд төсөл хэрэгжинэ гэж Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн энэ үеэр тайлбарласан юм.


Ингээд "Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгоё" гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 67.6 хувь нь дэмжив.

Связанные новости