Хятадын нээлттэй тэмцээнд Я.Синнер түрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
БЭЭЖИН, 2025 оны аравдугаар сарын 2 /Xinhua/. Италийн теннисчин Янник Синнер лхагва гарагт Хятадын нээлттэй тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд АНУ-ын залуу тамирчин Лёрнер Тьенийг 6:2, 6:2-оор хожсоноор тус тэмцээний хоёр дахь удаагаа түрүүллээ.
Я.Синнер Бээжингийн тэмцээний финалд гурав дахь
удаагаа дараалан шалгарсан нь энэ юм. Тэрбээр 2023 онд Оросын теннисчин Даниил Медведевийг илүүрхэн түрүүлж байсан бол өнгөрсөн онд Испанийн Карлос Алькараст хожигдсоноор дэд байрт шалгарч
байлаа.
“Энд дахин
нэг удаа финалд шалгарсан нь мэдээж
онцгой зүйл юм. Жил бүр өөр
өөр байдаг хэдий ч Бээжинд
ялах мэдрэмж үргэлж сайхан байдаг. Бээжинд үнэхээр гэртээ байгаа мэт санагдаж байна. Эхний өдрөөс л хөгжөөн дэмжигчдийн дэмжлэг үнэхээр гайхалтай
байсан. Цаашид ийм олон мөчийг та
бүхэнтэй хуваалцана гэдэгт найдаж байна” гэж Я.Синнер хэлжээ.
Ингэснээр Я.Синнер
“ATP Tour” ангиллын тэмцээний 21 дэх түрүүгээ хүртсэн бөгөөд энэ онд Австралийн нээлттэй тэмцээн, Уимблдонд түрүүлснийхээ дараа гурав
дахь цомоо өргөсөн байна. Одоогийн байдлаар тэрбээр 25 нас хүрэхээсээ өмнө хатуу хучилттай талбайд болдог 17 тэмцээнд
түрүүлээд байгаа ажээ.
Я.Синнер нь Новак Жоковичоос хойш Бээжингийн
финалд гурав дараалан шалгарсан анхны теннисчин болсноос гадна 2004
оноос зохион байгуулж эхэлсэн
энэхүү тэмцээнд олон удаа
түрүүлсэн Н.Жокович, Рафаель Надаль нарын эгнээнд нэгдсэн анхны
хүн болж байна. Тэрбээр одоо энэ улирлын сүүлчийн тэмцээнүүдэд гол анхаарлаа хандуулж, жилийн эцсийн чансааны тэргүүн байрын төлөө К.Алькарастай
өрсөлдөх ажээ.
Хятадын нээлттэй тэмцээний эрэгтэй хосын төрөлд Финландын Харри Хелиёваара, Их Британийн Хенри Паттен нар ОХУ-ын Карен Хачанов, Андрей Рублев нарыг 4:6, 6:3, 10:8 харьцаагаар буулган авснаар аваргын цомыг өргөжээ.