БАЯНХОНГОР: Уужны хаш хөөрөг 55 гр жинтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-10-03 13:55:21

Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Хөөрөг бол монголчуудын зан үйлийг илэрхийлдэг эрчүүдийн гол гоёл чимэглэл бөгөөд эмэгтэйчүүд ч хэрэглэж иржээ. Баянхонгор аймгийн музейд уужны хаш хөөрөг хадгалагдаж байна.


Монголчууд хөөргийг их, дунд, бага гарын, эрэгтэй, эмэгтэй хүнийх гэхээс гадна хавтаганы, ямбаны, ширээний гэж ялгадаг.

Уужны хаш хөөрөг:

Бүтээсэн он цаг: XIX зууны сүүл, XX зууны эхэн үе

Материал: Мөнгө, шүр, хаш

Хэмжээ: 4.3х8.5 см, 55 гр


Чулуун зэвсгийн үеэс хүмүүс хашийг ахуй амьдралдаа хэрэглэж ирсэн байна. Хаш хэрэглэсэн хүн бадамлянхуа цэцэг мэт ариун сэтгэлтэй болдог гэж үздэг. Гэмтсэн яс бороолох, эр, эм хоёрын ариун ёсыг сахихад тусалдаг. Хаш зүрх сэтгэлийг амгалан болгодог, догшин авирыг номхотгодог чадалтай. Хаш хөөрөг элэгдэх тусмаа өнгө орж, гөлгөр болдог онцлогтой.


Хөөрөг нь эрт цагт ихэнхдээ хутагт хувилгаад, төрийн зарим дээд албан тушаалтны хэрэглээ байв. Монгол хөөрөгт чулуу, чулууны бүтэц, нэн ялангуяа толгойн хийц, үнэ цэн чухлаас гадна тухайн хөөргийг хэрэглэж байсан төрийн зүтгэлтэн, хутагт хувилгаан барьж байснаараа их үнэд хүрдэг онцлог.


Монголчууд шүр, хаш, мана, гартаам, чүнчигноров, пийсүү, оюу, номин, барын нүд зэрэг чулуугаар хөөрөг хийж ирсэн уламжлалтай бөгөөд хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс нь нарийн дэг жаягтай. Мэндлэхдээ хоёр хүн тус тусын хөөргийг гарынхаа алган дээр хагас босоо барин солилцоно. Ингэхдээ толгойг үл мэдэм онгойлгож өгөх бөгөөд эргүүлж өгөхдөө ч мөн тэр янзаар буцаан барина.

Связанные новости