Керамик барималч Н.Сүхбүрэн ЮНЕСКО-гийн гишүүн уран бүтээлч болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Керамик барималч, уран бүтээлч Н.Сүхбүрэн ЮНЕСКО-гийн Олон Улсын Уран Бүтээлчдийн албан ёсны гишүүнээр элсжээ.
Энэхүү гишүүнчлэл нь түүний уран бүтээлийг олон улсын хэмжээнд өндрөөр үнэлсний тод илрэл бөгөөд Монголын соёл, урлагийн нэр хүндийг дэлхий дахинд өргөсөн чухал үйл явдал боллоо гэж Соёл, урлагийн газраас мэдээлэв.
Керамик барималч Н.Сүхбүрэн уран бүтээлдээ хүний оршихуйн мөн чанарыг орчин үеийн урлагийн чиг хандлагатай хослуулж, керамикийн урлагийг шинэ түвшинд хөгжүүлж буй юм. Тэрбээр 2005 онд “Дүрслэх урлагийн дээд сургууль”-ийг керамик уран бүтээлч мэргэжлээр төгссөн бол 2013 онд Солонгосын Сөүл хотын “Мёнжи” их сургуульд суралцсан байна. Н.Сүхбүрэн нь Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, МУЭ-ийн шагналт барималчин юм.
Ташрамд дурдахад, түүний “Инээмтгий хайр” бүтээл Дүрслэх урлагийн 2023 оны шилдэг гурван бүтээлийн нэгээр шалгарч байв.
Түүний урласан
зарим бүтээлээс толилуулж байна.
Гэрэл зургийг Б.Чадраабал
Связанные новости

