БУЛГАН: Малчид нэгдэн малын ашиг шимийг сайжруулахад онцгой анхаарч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 1989 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Шилмэл мал-2025” үзэсгэлэн, дуудлага худалдаа энэ сарын 3, 4-нд Дархан-Уул аймгийн Хонгор суманд байрлах Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт боллоо.
Энэ удаагийн "Шилмэл мал-2025"-д 10 аймгийн, 250 гаруй малыг үзэсгэлэн, дуудлага худалдаанд оролцуулсан юм.
Баталгаажсан махны хэвшлийн төрөлд Сэлэнгэ сумын малчин н.Оюунхишигийн "Сэлэнгэ" үүлдрийн бух 1-р байр, малчин О.Нэргүйн "Сэлэнгэ" үүлдрийн үнээ 1-р байр, малчин н.Мягмар-Очирын "Сэлэнгэ" үүлдрийн үнээ 3-р байрыг тус тус эзэллээ.
Үзэсгэлэнд
Монгол Улсад үржүүлж буй “Үзэмчин”, “Тамир-2”, “Суффолк” үүлдрийн хонь,
“Эрчмийн хар ямаа”, “Герефорд”, “Халимаг”, “Сэлэнгэ” үүлдрийн тэргүүтэй ашиг
шим өндөр, малыг танилцуулан дуудлага худалдаа зохион байгуулж, шилдгүүдийг
шалгаруулан шагнасан юм
Уг үйл ажиллагаа нь Монгол орны мал аж ахуйн салбарын шилдгүүдийг нэг дор цуглуулж, ашиг шим сайтай, баталгаажсан үүлдэр омгийн мал сүргийг таниулан сурталчлах, туршлага солилцох, шинэ технологи, инновацыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Үйл ажиллагааг нээж ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хэлэхдээ, “Бид газар тариалан, мал аж ахуйг төгс хослуулж, ашиг шимт малын тоо толгойг нэмэгдүүлэх, тариалангийн талбайг өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Улсын хэмжээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнөж, малчид нэгдэн малын ашиг шимийг сайжруулахад онцгой анхаарч байна” гэв. Түүнчлэн “Монгол Улсын ажиллах хүчний хоёр хүн тутмын нэг нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна. Бид хөдөө аж ахуйн салбарын 10 орчим хувийг л ашиглаж байгаа нь цаашид хөгжих, өсөх асар их боломж байгааг харуулж байна. Мал сүргээ эрчимжүүлэх, уламжлалт арга туршлагыг орчин үеийн технологитой хослуулах, чанартай түүхий эд бэлтгэн нийлүүлэх, сүүний хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг олон ажил бидний өмнө байна” гэдгийг цохон тэмдэглэв.