“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-06 11:52:50

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Нийслэлийн захын бүсийг хамарсан, хоёр хэсэг маршруттай “Хоёрдугаар тойрог зам” төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна.


Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний байгууллагаас шаардлагатай тодруулга авсан бөгөөд холбогдох байгууллагаас авто замын трассын хувилбарт санал авч дууссан. Эдийн засгийн шинжилгээ, тооцооллыг үргэлжлүүлж байна.

Хоёрдугаар тойрог зам”-ын зүүн чиглэлд 5.7 км, 5.8 км, 6.6 км урт гурван хувилбар, баруун чиглэлд 14.9-15.1 км урт гурван трассын сонголтыг боловсруулсан байна. Гүүрэн байгууламж, дугуйн болон явган хүний зам, ногоон байгууламжийг тус төсөлд тусган цогцоор барихаар төлөвлөжээ. 

Хотын зүүн, баруун захын хөдөлгөөнийг төв замд ачаалал үүсгэхгүйгээр холбох “Хоёрдугаар тойрог зам” төсөл нь тухайн бүс нутагт амьдарч буй иргэдийн шилжилт хөдөлгөөнийг дэмжих, хотын захын дүүрэгт оршин сууж буй иргэдийн амьжиргааг дээшлүүлэх нөхцөл бүрдүүлэх юм. Төслийн нэгдүгээр хэсэг нь баруун талаас буюу 22-ын товчооноос эхэлж Тахилт, Найрамдлын зам, Нарангийн гудамжны эцэс, Улаан чулуутын хогийн цэг орчмоор дамжин, Баянхошууны уулзварт хүрч, нэгдүгээр тойрог замтай нийлнэ. Хоёрдугаар хэсэг нь зүүн бүсэд байрлах бөгөөд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Сэтгэцийн эрүүл мэндийн төв орчим, Улиастай, Гачууртын замын дагуу яваад Туулын хурдны замтай огтлолцохоор төлөвлөжээ.

Связанные новости