БУЛГАН: “Хүний эрх ба цахим технологи” нээлттэй өдөрлөг зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Г.Нарантуяагаар ахлуулсан ажлын баг “Хүний эрх ба цахим технологи” нээлттэй өдөрлөгийг Булган аймагт 10 дугаар сарын 6-ны өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд Булган аймгийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, орон нутгийн хүний эрхийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцов. Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир улсын төсвийн хуваарилалт нь орон нутагт ялгаатай төсөвлөгдөж байгаагаас Булган аймгийн иргэдийн эрх зөрчигдөж буйг онцолж, цахим үйлчилгээ болон тоон гарын үсгийн хэрэглээ тэгш бус, харилцан адилгүй байгаа зэрэг тулгамдсан асуудлыг хөндсөн байна.
Мөн ажлын баг Булган аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Теле камерын хяналтын дэд төв, шүүх, хууль сахиулах болон холбогдох бусад төрийн байгууллагын хүний хувийн мэдээлэл болон мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн ханган ажиллаж буй талаарх үйл ажиллагаатай танилцаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаанд удирдамжийн дагуу хяналт шалгалт хийжээ.
Хүний эрхийн боловсролыг түгээх чиг үүргийн хүрээнд аймгийн төрийн тусгай, захиргаа, үйлчилгээний албан хаагчдад “Хүний эрх ба цахим технологи” сургалт зохион байгууллаа.