Т.Свифтийн шинэ цомог эхний өдрөө 2.7 сая хувь борлогджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 7 /AP/. Америкийн поп од Тейлор Свифтийн 12 дахь студийн цомог болох “The Life of a Showgirl” нь АНУ-д худалдаанд гарсан эхний өдрөө 2.7 сая хувь /биет болон дижитал форматыг оруулан тооцсон/ борлогдсон талаар “Luminate” компани мэдээлжээ.
Өнгөрсөн баасан гарагт
худалдаанд гарсан уг цомгийн борлуулалтын тоо олон шалтгаанаар онцгойд тооцогдож
байгаагаас дурдвал, Т.Свифт долоо хоногт хамгийн олон цомог борлуулсан өөрийн
амжилтыг нэг өдрийн дотор эвдсэн байна. Түүний хамгийн сүүлд буюу 2024 он
гаргасан “The Tortured Poets Department” цомог АНУ-д эхний долоо
хоногтоо 2.61 сая хувь борлогдсон амжилт үзүүлж байлаа.
Мөн “The Life
of a Showgirl” нь орчин цагийн
түүхэнд долоо хоногийн дотор хамгийн их хувь борлогдсон хоёр дахь цомог болсон
бөгөөд энэ амжилтыг мөн л ганцхан өдрийн дотор тогтоосон байна. Одоогоор Английн
дуучин Аделийн “25” нэртэй цомог 2015 онд АНУ-д худалдаанд гарсан эхний долоо хоногтоо
3.378 сая хувь борлогдсоноор уг амжилтыг эзэмшиж байгаа ажээ.
Түүнчлэн “Luminate”-ийн мэдээлснээр, “The Life of a Showgirl” нь АНУ-д 1.2 сая пянз борлуулснаар нэг долоо хоногт хамгийн их хувь борлогдсон пянзны амжилтыг хэдийн эвдээд байгаа гэнэ. Тэгвэл энэхүү амжилтыг эзэмшиж байсан өмнөх цомог бол мөн л Т.Свифтийн “The Tortured Poets Department” бөгөөд эхний долоо хоногтоо 889 мянган хувь пянз борлуулж байжээ.