MONGOLIAN NATIONAL NEWS AGENCY

ТӨВ: М.Буянхишиг: Хүн бүр хүүхдийн өмнө үүрэг хүлээгч гэдгээ ухамсарлан хамтран ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-10-08 12:08:49

Зуунмод, 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажил, үйл ажиллагааны талаар Төв аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга М.Буянхишигээс тодруулга мэдээллийг авлаа.


-Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиолоо. Энэ түүхэн хугацаанд тус байгууллага ямар онцлог ажлуудыг хийж бүтээсэн байна вэ?

-Монгол улсад Хүүхдийн байгууллага хөдөлгөөн үүсэж хөгжих үндэс суурь эхлэлийг 1925 онд тавьсан. Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул, Монголын  орчин цагийн утга зохиолыг үндэслэгч, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Дашдоржийн Нацагдорж хэсэг нөхдийн хамтаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй Монголын хүүхдийн анхны байгууллагыг үүсгэн байгуулж байсан хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг.


Богино ханцуйтай цамц, богино шуумагтай хөх өмд, саравчтай малгай өмсөж, улаан бүч зүүж, бүрээ бөмбөр нижигнүүлэн хүүхдүүд чуулж байсан тэр үеэс энэ түүх бичигдэж эхэлсэн юм.


Аймгийн Пионерийн зөвлөлөөс хүүхэд багачуудын хөгжлийг дэмжих, эрүүл мэндийн боловсрол олгох, хүмүүжил төлөвшил олгох зорилгоор олон ажлыг санаачлан зохион байгуулж эхэлсэн. Тухайлбал, пионер сурагчдын хөдөлмөр соёлын чуулган, онцчуудын зөвлөгөөн, орос хэлний баяр, урлагийн үзлэг, цэрэг спортын “Дөл” тоглолт, эх орноо судлах тойрон аялал зэрэг олон төрлийн ажлыг хүүхдийн нас бие, сэтгэхүйн онцлогт тохируулан уламжлан зохион байгуулсаар байна.


Өнөөдөр аймгийн хэмжээнд аймаг, сумдын Засаг даргаар ахлуулсан 28 Хүүхдийн төлөө зөвлөл, 33 хамтарсан баг, аймгийн Засаг даргын зөвлөхөөр ахлуулсан Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, ЕБС, СӨББ-ын захирал, эрхлэгчээр ахлуулсан 73 Хүүхэд хамгааллын баг, 27 сумын Хүүхдийн чуулганаасаа сонгогдсон хүүхдийн элч нар хүүхдийн хөгжил, хамгааллын төлөө үйл ажиллагаагаа явуулж байна.


Оролцсон хүүхэд хөгждөг, хөгжсөн хүүхэд хамгаалагддаг гэх хүүхэд хамгааллын суурь зарчим бий. Хүүхдийг хөгжүүлэх, хөгжлийн үйл ажиллагааны гадна нэг ч хүүхдийг орхихгүй байх, улмаар хүүхэд өөрийгөө болон бусдыг хамгаалж чаддаг болж төлөвшүүлэх зорилгоор хүүхдийн хөгжлийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тухайлбал, Сагсан бөмбөг, хөлбөмбөг, волейболын спортоор секц, онгоц зохион бүтээх, дрон угсрах, ой тогтоолтын сургалт, дуу, жүжиг болон Япон хэл, Солонгос хэлний дугуйлан, сайн дурын ажил хийх гээд 600 гаруй хүүхэд багачууд хөгжлийн үйл ажиллагаанд хамрагдаж байна.


-Хүүхэд хамгааллын чиглэлээр ямар ажил хийж байгаа вэ?

-Соён гэгээрүүлэх, нөлөөллийн ажлуудыг хийж байна. Мөн хүүхэд хамгааллын үнэ төлбөргүй “Итгэлтэй утас” сургуулиудад байрлуулж өгснөөр хүүхэд хичээлээ тарсны дараа асран хамгаалагчтайгаа холбогдох боломжтой болсон. Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа нөхцөлд Цагдаагийн газартай хамтран ажиллаж байна.


-Хүүхдийн асуудлыг зөвхөн хүүхдийн байгууллагын асуудал мэтээр ойлгодог. Энэ тал дээр таны байр суурь ямар байдаг вэ?

-Тэр үе саяхныг хүртэл байсан. Өнөөдөр харин хүн бүр хүүхдийн өмнө үүрэг хүлээгч гэдгээ ухамсарлан, хүүхдэд ээлтэй, аюулгүй, хүний эрхийг дээдэлсэн нийгмийг бүтээхээр зорин бүгдээрээ хамтран ажиллаж байна. Хүүхэд бол бидний хайр бас ирээдүй юм.


2024 оны дүнгээр Төв аймгийн нийт хүн амын 35 хувийг 17 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. 



 

 

Связанные новости