С.Чулуун: Ирээдүйд монголын түүх, судлалын төв болгохыг зорьдог

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-10 17:38:44

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Дэлхийн нүүдэлчдийн түүх, соёл шинжлэх ухааны нэгэн томоохон төв болон хөгжиж буй “Чингис хаан” үндэсний музей бие даан 30 гаруй эрдэм шинжилгээний ном, бүтээлийг туурвин олны хүртээл болгож, гурван жилийн ойн босгон дээрээ эрдэмтэн, судлаачид, хамтран ажилладаг байгууллагууддаа тайлангаа тавьж музейгээс эрхлэн гаргасан "Шинэ бүтээл 2025" номын нээлт өнөөдөр  боллоо.


Номын нээлтийг "Чингис хаан" үндэсний музейн захирал, академич С.Чулуун нээж, “Музейн эрдэм шинжилгээний номын санд тавьсан үе үеийн бүтээл нь эрдэмтдийн уйгагүй хөдөлмөр та бүхний дэмжлэгээр эрдэм судлалын бүтээл гарч байгаа. Манай номын сангийн сан хөмрөг 10 мянга гаруй номоор баяжсан. Энэ олон бүтээл бол "Чингис хаан" үндэсний музейн үзмэр, Чингисийн түүх судлал, Монголын эзэнт гүрний түүх судлалд тулгуурлан бүтээсэн. Дэлхийн музейдийн эрэмбийг юуг үзүүлж байгаагаар биш, ямар судалгаа, шинжилгээний түвшинд буйгаар хэмждэг. Ирээдүйд дэлхийн монголын түүх судлалын томоохон төв болгохын төлөө бид зорин ажиллаж байна” гэв.


2025 онд "Чингис хаан" үндэсний музейгээс эрхлэн гаргасан ном, бүтээл:

1. “Талын язгууртны өв соёл” /тус номын цувралын нэгдүгээр ботийг англи, монгол хэл дээр дахин хэвлүүлэв/

2. Монголын музейн нэгэн зууны түүх 1924-2024 /МУ-д орчин цагийн музейн салбар үүсэн хөгжсөний 100 жилийн ойд зориулан Монголын музейн салбарын түүхэн хөгжлийг архивын баримт, гэрэл зурагт түшиглэн харуулсан эмхэтгэлийг хэвлүүлэв/

3. Армяны түүхч Киракосын бүтээлд Монголчуудын тухай /Киракос Ганзакецийн Армянчуудын түүх (Pattin Hayots‘) хэмээх бүтээл нь 65 бүлэгтэй, армянчууд христийн шашинд орсноос эхлээд 1267 он хүртэлх түүхийг өгүүлэхдээ XI бүлгээс эхлэн монголчуудын тухай тодорхой мэдээ үлдээж монголын байлдан дагуулал, монголчуудын шашин шүтлэг, зан авир, тэдний зэрлэг бүдүүлгийн зэрэгцээ хүнлэг, шударга зан чанар аль алиныг өгүүлсэн болно/

4. Өндөр гэгээн Занабазарын бурхадын ертөнц: Уран бүтээлийн каталог /Энэхүү бүтээл нь Анхдугаар богд, Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн хүрээнд бүтээгдсэн олон улсын судлаачдын хамтран хэвлүүлж буй каталог болно. Ингэхдээ Өндөр гэгээн Занабазарын бүтээл, туурвилийг дэлгэрэнгүй тайлбарын хамт англи, монгол хэлээр хэвлүүлэв/

5. Өндөр гэгээн Занабазар: Түүх өв, соёл-390” ОУ-ын ЭШХ-ын эмхэтгэл /Тус бүтээл нь Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл болно. Тус эрдэм шинжилгээний хуралд Англи, Монгол, ОХУ зэрэг улсуудын нийт 16 илтгэл хэвлүүлэв/

6. Музейн үзмэрийн гар зургийн цомог /Тус бүтээл нь Чингис хаан Үндэсний музейн үзүүллэгийн танхимд дэглэгдэж, олны хүртээл болсон үзмэрүүдийн гар зургуудыг хийж судалгааны эргэлтэд оруулж буй бүтээл юм. Музейн үзмэрүүдийн гар зургийг хийж, олны хүртээл болгож буй анхны бүтээл болж буйгаараа тус бүтээлийн онцлог оршино/

7. Их хааны өргөө: Чингис хааны Алтан хөшөө, Хасбуу Алтан тамга, Шүтээн их цагаан туг /Энэхүү бүтээлд Их хааны өргөөний түүхэн судалгаа, Чингис хаан алтан хөшөөний тайлбар танилцуулга, бүтээн байгуулсан түүх зэргийг баагтсан/

8. Чингис хаан Үндэсний музейн хөтөч ном /Монгол, Англи, Солонгос, Хятад, Орос хэл дээр хэвлэгдэж, уйгаржин монгол бичигт хөрвүүлэн хэвлэсэн/






 

Связанные новости