МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

Умард Солонгосын шинэ тив алгасагч пуужинг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-10-12 11:13:45

ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 12 /Yonhap/. Умард Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн нам байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан цэргийн парадын үеэр шинээр зохион бүтээсэн тив алгасагч баллистик пуужинг /ICBM/ анх удаа танилцууллаа гэж тус улсын төрийн хэвлэлүүд бямба гарагт мэдээлжээ. 


Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлснээр, хамгийн хүчирхэг цөмийн стратегийн зэвсгийн систем” хэмээн тодорхойлсон шинэ ICBM-ийг Пёньян хотын Ким Ир Сений нэрэмжит талбайд баасан гаргийн орой болсон цэргийн парадын үеэр үзүүлсэн байна.


АНУ-ын эх газарт цохилт өгөх чадалтай “Hwasong-20” пуужинг үзүүлсэн нь тус улсын цөмийн хүчийг харуулах, цөмийн зэвсэгтэй гэдгээ бодитойгоор харуулах зорилгыг илтгэж байгаа бололтой. Умард Солонгосын тал намын ойн баярын үйл ажиллагаанд Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев, Вьетнамын удирдагч То Лам тэргүүтэй гадаадын зочдыг урьсан байна.  


Өнгөрсөн сард KCNA шинэ өндөр хүчин чадалтай, хатуу түлшээр ажилладаг пуужингийн хөдөлгүүрийн туршилтын талаар мэдээлж, үүнийг шинэ үеийн “Hwasong-20” пуужинд ашиглана гэдгийг мэдээлж байлаа. Хөдөлгүүрийн туршилт нь ийм төрлийн ес дэх бөгөөд хөгжүүлэлтийн “сүүлчийнх нь” байсан гэж KCNA тухайн үед мэдээлж байв.


Баасан гаргийн цэргийн парадад мөн дайсны пуужингийн довтолгооноос хамгаалах системийг тойрч гарах зэвсэг болох дуунаас хурдан пуужингуудыг үзүүлсэн байна. Түүнчлэн стратегийн далавчит пуужин, нисгэгчгүй онгоц хөөргөх төхөөрөмж, газар-агаар, газар-газар ангиллын пуужингуудыг мөн үзүүлсэн гэж төрийн хэвлэлүүд мэдээлжээ.


Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Бээжин хотноо есдүгээр сарын 3-нд болсон цэргийн томоохон парадын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нартай мөр зэрэгцэн зогсож, барууны эсрэг эв нэгдэлтэй байгаагаа харуулснаас сар гаруйн дараа энэ парад болсон байна. 

Связанные новости