Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэл төмөр зам тавина
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. “Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам төсөл”-ийн нэгдүгээр үе шатанд "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэл 87.85 км төмөр замын дээд, доод бүтцийн барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Үүнд, ухмал байгуулах ажил 94.8 хувь, далан байгуулах ажил 95 хувь, дам нуруут гүүрний ажил 90 хувь, дөрвөлжин болон дугуй хоолойн ажил 74.4 хувийн гүйцэтгэлтэй байна. Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн 24 мега төслийн нэгээр “Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам төсөл”-ийг хэрэгжүүлж буй. Төслийн барилга угсралтын ажлыг хоёр үе шаттай хийх юм.
Багахангай Хүннү
хот чиглэлийн салбар төмөр зам нь Хөшигийн хөндийн Багахангай өртөөнөөс
салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дамжин, Хөшигийн хөндий хүрч 102.5 км урттай, 1520 мм царигтай, гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй, 2.5 км урт
гүүрэн байгууламжтай барих аж. Харин хоёрдугаар үе шатанд Хөшигийн өртөөнөөс
Шувуун фабрик хүртэлх 14.6 км төмөр замын дээд, доод бүтцийн барилга угсралтын
ажлыг гүйцэтгэх юм. Төслийн эхний үе шатны газар шорооны ажлыг Монгол Улсын 37
компани гүйцэтгэж байна. Нийт бүтээн байгуулалтын ажилд 110 орчим аж ахуйн
нэгжийн 2500 гаруй инженер, техникийн ажилтан, мэргэжилтэн оролцох талаар НЗДТГ-аас мэдээллээ.