Кабо-Вердегийн шигшээ ДАШТ-д анх удаа оролцохоор боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ПРАЯ, 2025 оны аравдугаар сарын 14 /FIFA/. Кабо-Вердегийн хөл бөмбөгийн шигшээ баг түүхэндээ анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ оролцох эрхээ авлаа. Тэд Эсватинигийн багийг талбайдаа 3:0-ээр хожиж, Африкийн хэсгийг тэргүүлснээр ДАШТ-д өрсөлдөх эрхээ баталгаажуулжээ.
Нийт 500 мянга гаруйхан хүн амтай Кабо-Верде улс нь ДАШТ-д
оролцсон орнуудаас Исландын дараа хоёрдугаарт бичигдэх хүн ам цөөтэй улс болж
байна. Исландын шигшээ баг 2018 оны ДАШТ-д оролцож байсан билээ.
Эсватинигийн эсрэг эхний хагаст ширүүн тоглосон Кабо-Вердечүүд
завсарлагааны дараа тоглолтоо өөрчилж, Дайлон Ливраменто, Вилли Семедо, Стопира
нар гоол оруулснаар Кабо-Вердегийн үндэсний цэнгэлдэх хүрээлэнд цугласан олныг
баясгажээ.
Түүнчлэн 4000 гаруй хав.дөр.км газар нутагтай Кабо-Верде нь ДАШТ-д
оролцох эрх авсан хамгийн жижиг улс боллоо. Тринидад ба Тобагогийн баг 2006 онд
Германд болсон ДАШТ-д өрсөлдсөнөөр өмнөх дээд амжилтыг эзэмшиж байжээ.
Кабо-Вердегийн шигшээ багийн тамирчин асан Бубистагийн
дасгалжуулсан хөлбөмбөгчид оролцсон тоглолт бүрдээ тэсвэр тэвчээрийг харуулсан
байна. Тэдний амжилтын үндэс нь сайн хамгаалалт байсан бөгөөд хэсгийн арван
тоглолтдоо долоон гоол оруулжээ.
Кабо-Вердегийн хөлбөмбөгчид ирэх 12 дугаар сарын 5-нд АНУ-ын нийслэл Вашингтон хотноо явагдах сугалаагаар 2026 оны ДАШТ-ий хэсгийн шатанд ямар шигшээ багуудтай өрсөлдөхөө мэдэх юм.