УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг авч хэлэлцэв.
Тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргын
дэргэдэх зөвлөлийн энэ сарын 16-ны өдрийн хуралдаанд танилцуулсан тул уг
асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо тус өдөр хуралдан, авч хэлэлцсэн юм. Уг хуралдаанд оролцсон 23 гишүүн бүгд түүний "Хүсэлтийг хүлээн авах
нь зүйтэй" хэмээн үзсэн тул чуулганы
өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцэв.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ үеэр хэлэхдээ “Миний бие
нэр төрөө бүрэн сэргээх, парламентын ардчилал, эрх чөлөө, засаглалаа хамгаалж,
шударга ёсыг тогтоохын төлөө УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1 дэх заалтад
заасны дагуу гаргаж байна” хэмээсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа санал хураалт явуулахад, 114 гишүүнээс 102 нь "Энэхүү хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй" гэж үзлээ.
УИХ-ын даргыг шинээр сонгох хүртэл
хугацаанд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ-ын даргын үүргийг хэрэгжүүлнэ.