ЗАВХАН: Сэргээн засварлах шаардлагатай хөдлөх дурсгалын жагсаалт гаргана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Завхан аймагт түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого болж байна.
Засгийн газрын 2018 оны 184 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралтаар баталсан "Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого хийх журам", Соёлын сайдын 2023 оны А/317 дугаар тушаал, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны А/253 тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор улсын тооллогыг хийж байна.
10 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд Отгон, Шилүүстэй, Цагаанчулуут, Цагаанхайрхан суманд түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого зохион байгуулах салбар комисс ажиллаж байна. Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогыг зохион байгуулснаар нэн яаралтай сэргээн засварлах шаардлагатай хөдлөх дурсгалын жагсаалт гаргах.
Сумдад байгаа тухайн дурсгалт зүйлийн шинж чанар, бүрэн бүтэн байдалд хяналт тавих, эерэг болон сөрөг нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тодорхойлох. Аймгийн хөдлөх дурсгалт зүйлийн нэгдсэн тоон дүн болон тооллогын мөрөөр авах арга хэмжээний санал боловсруулах зэрэг үр дүн, ач холбогдолтой юм. Мөн үеэр түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн бүрэн бүтэн байдал, хадгалалтад зөвлөн тусална.
Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл гэдэг нь төрөөс соёлын өвийг хадгалж, хамгаалах бодлогын хүрээнд түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлүүдээс шилж сонгон байгаль шинжлэл хийгээд түүхийн шинжлэх ухаанд шинэ нээлт болсон. Нийгэм, түүх, соёл, урлаг гоо зүй, шинжлэх ухааны үнэ цэн, ач холбогдолтой, улс орон, бүс нутаг, дэлхийн хэмжээнд дахин давтагдашгүй цор ганц, нэн ховор нандин эсхүл урлагийн өндөр түвшинд хийж бүтээгдсэн зэргийг нь чухалчлан зэрэглэл тогтоон ангилдаг.
Зэрэглэл тогтоон ангилдаг түүх соёлын хосгүй үнэт дурсгалуудыг байгалийн өвийн, археологийн, түүх-угсаатны зүйн, шашны холбогдолтой болон урлагийн зэрэг төрөл зүйлд хамаардаг юм гэж Завхан аймгийн музейгээс мэдээлэв.