ЗАВХАН: Жавхлант цогцолборын авто замыг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-10-16 15:54:34

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн төвд аялал жуулчлалын Жавхлант цогцолборын тохижилтын хүрээнд хийсэн авто замыг нээлээ.

Жавхлант толгой нь Завхан аймгийн төвд орших онцгой түүхэн дурсгалт газар юм.


Аялал жуулчлалын Жавхлант цогцолборыг хэсэгчлэн тохижуулах бүтээн байгуулалтын ажлыг жил бүр хийж байгаа бөгөөд энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зам, орчны тохижилтыг хийжээ.


Жавхлант цогцолборын тохижилтын ажлын зураг төслийг Редсан ХХК, зам, барилгын ажлыг Этүгэн жим ХХК гүйцэтгэжээ.


Төв замаас толгойн орой хүртэл 650 м авто замыг шинээр тавьж Жавхлант толгойн зүүн талд оршдог Төгсбуянт Жавхлант хийдийн хэсэг болон орой дээр нийт 45 авто машины авто зогсоолыг байгуулжээ. Мөн цогцолборын явган хүний зам дагуу 45 ш гэрэлтүүлэг, нийт 405 ам дөрвөлжин метр амрах талбай гээд нийт 800 орчим метр явган хүний замыг шинээр хийсэн байна.


Цаашид орчныг үргэлжлүүлэн тохижуулах бөгөөд мод тарих, цэцэрлэгжүүлэх ажлыг хийх юм. Өмнө нь хад чулуу ихтэй, бороо, цастай үед автомашинаар гарах боломжгүй, зөвхөн явганаар гардаг. Зарим хүмүүс том авто машинаар орой дээр нь гарахад халтиргаа гулгаатай үед эрсдэл их байсан.
Жавхлант цогцолборын орчны тохижилтыг сайжруулж, хатуу хучилттай авто замыг шинээр тавьснаар иргэдийн аюулгүй байдлыг хангасан, явганаар болон авто машинаар саадгүй чөлөөтэй гарах боломжтой төдийгүй орчны тохижилт, гэрэлтүүлэг сайжирсан байна.


Энд амарч зугаалах боломжтойгоос гадна, соёлын үйл ажиллагаа зохион байгуулах төдийгүй иог, дасгал хөдөлгөөн, спортоор хичээллэх боломжтой стандарт хангасан талбайтай боллоо хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Сонирхуулахад, Жавхлант толгой нь байгалийн өвөрмөц үзэсгэлэнт тогтоцтой уул нуруудын дунд орших өндөрлөг газар бөгөөд эндээс аймгийн төв бүхлээрээ харагддаг онцлогтой.

Хүннү гүрний үед Алтан толгой, Манжийн үед Харуул толгой хэмээн нэрийддэг байсан тухай ахмадууд хуучилдаг.


1963 онд Завхан аймгийн 40 жилийн ойг угтаж, орчныг нь сэргээн тохижуулж соёл амралтын газар болгож ашигладаг байсан. Үүнээс хойш Жавхлант толгойд Завхан аймгаас төрсөн хутагт хувилгаадын дүр бүхий суваргатай цогцолборыг бий болгож тохижуулснаар иргэдийн амарч зугаалах, сүсэг бишрэлийн цогцолборт газар болжээ.

Түүнчлэн Завхан аймагт зочилсон хүн бүрийн заавал очиж үздэг газруудын нэг нь юм.

Жавхлант цогцолборын тохижилтын хүрээнд хийсэн авто замыг нээлээ 






Связанные новости