ӨМНӨГОВЬ: Олон улсын судлаачидтай байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, БОГ-ын дарга Х.Отгонмөнх, Сум дундын ойн ангийн дарга Э.Ариунтулга, "Гайхамшигт говь" ТББ-ын тэргүүн Х.Түмэндэлгэр нар Канад улсын эрдэмтэн, газарзүйч, доктор Дин Маккензитай уулзалт зохион байгууллаа.
Эрдэмтэн,
газарзүйч, доктор Дин Маккензи Өмнөговь аймагт ажиллаж уул уурхайн бүс нутагт
судалгаа шинжилгээ хийсэн юм.
Тэрбээр
уул уурхайн нөхөн сэргээлтийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд,
цөлжилтийн эсрэг хэрэгжүүлж буй ажлын үр дүн, мод үржүүлгийн талбайн
үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, судалгаа шинжилгээ хийж удирдлагуудад
үр дүнг танилцууллаа.
Тус
уулзалтаар Говийн хөрсийг нөхөн сэргээхэд тулгамдаж буй асуудал, ойжуулалтыг
тогтвортой хэрэгжүүлэх стратеги, “Зөв мод-зөв газар-зөв арга” зарчмыг хэрхэн
баримтлах, уул уурхайн дараах газрын ашиглалт, усны хэрэглээ болон нөөц,
ирээдүйн хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцжээ.
Мөн
Канад улсын засгийн газраас уул уурхайн нөхөн сэргээлтийг хянах механизм, уул
уурхайн хаалтын хууль эрх зүйн орчин, санхүүгийн баталгааны систем зэрэг
туршлагыг танилцуулж, нөхөн сэргээлтийн явцад тулгардаг хүндрэл, бэрхшээлийг
хэрхэн шийдвэрлэж буй сайн туршлагаа хуваалцав.
Өмнөговь
аймаг тус ажлын багтай цаашид байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлт, усны
нөөцийн менежмент, судалгаа шинжилгээний чиглэлээр хамтран ажиллахаа
илэрхийллээ.