“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 117 сая мод тарьж, ургуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-20 15:52:45

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Бүх нийтийн мод тарих өдрүүд” улсын хэмжээнд энэ сарыг дуустал үргэлжилнэ.


Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын гурван байршилд төрийн болон хувийн хэвшлийн 225 байгууллага, аж ахуйн нэгжийн 2500 гаруй хүн 12 төрлийн 3500 орчим тарьц, суулгац тарьжээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 65 байгууллага 500, “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн”-д 50 байгууллага 500 мод, 1500 сөөг тарьсан байна. Түүнчлэн “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд 90 орчим байгууллага 500 мод, 500 сөөг тарьжээ. Намрын мод тарих өдрүүдэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сайн дураар оролцож байгаа аж. Намрын мод өдрүүдээр улсын хэмжээнд 18 мянга гаруй байгууллага, аж ахуйн нэгж, иргэн хоёр сая гаруй мод тарьсан бөгөөд аймаг, сум, дүүргүүдэд тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа гаргасан байна.


Харин өнгөрсөн хавар 3400 гаруй байгууллага, аж ахуйн нэгж, 185 мянга гаруй иргэн 8.4 сая мод тарьсан юм. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд 117 сая мод тарьж, ургуулж байгааг албаныхан мэдээлэв. 2030 он хүртэлх хугацаанд уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүд 608 сая, аймаг, нийслэл 680 гаруй сая мод тарьж ургуулах тооцоолол гарсан.


Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлигаар жил бүрийн хавар, намар бүх нийтээр мод тарьж, арчилж, ургуулдаг болсон юм.



Связанные новости