Лос-Анжелесын Олимп эхлэхэд 1000 хоног үлджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны аравдугаар сарын 21 /Reuters/. “Лос-Анжелес-2028” Олимпын наадмын нээлт болоход 1000 хоног үлдээд буйг наадмыг зохион байгуулагчид Оклахома хотын удирдлагуудтай даваа гарагт хамтдаа тэмдэглэж, наадмын софтбол, каноэ слаломын тэмцээнийг зохион байгуулах бэлтгэл ажил эрчимтэй явагдаж байгааг мэдэгджээ.
“Лос-Анжелес-2028” наадмыг зохион байгуулах хорооны дарга Кейси
Вассерман, гүйцэтгэх захирал Рейнольд Хувер нар 2028 оны Олимпын софтбол, каноэ
слаломын тэмцээн уралдаан болох “OKC Softball Park”, “OKC Whitewater Center”-т
зочилсныхоо дараа Оклахома хотын дарга Дэвид Холт болон OKC багийн ерөнхийлөгч
Майкл Бирнс нартай хамт мэдэгдэл хийсэн байна.
“Лос-Анжелес-2028” Олимпын наадам нь Лос-Анжелес дахь Номхон
далайн эргээс Оклахома хотын төв нутаг хүртэлх бүс нутаг, оршин суугчдыг холбох
болно” гэж К.Вассерман хэлжээ. Д.Холтын хувьд Оклахомагийн оролцоог “амьдралд
нэг удаа тохиох боломж” хэмээн тодорхойлоод, тус хотод хоёр спортын төрлийн долоон
тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байгааг тэмдэглэсэн байна.
Лос-Анжелес хотод 1932, 1984 оноос хойш гурав дахь удаагаа Олимпын
наадмыг зохион байгуулах гэж байгаа бол Паралимпын наадмыг анх удаа зохион
байгуулах гэж байгаа юм. Олимпын наадам долоодугаар сарын 14-30-ны хооронд
үргэлжлэх бол Паралимп наймдугаар сарын 15-27-ны өдрүүдэд болно.
Зохион байгуулагчид зардлыг хянаж, шинэ барилга байгууламж
барихаас зайлсхийхийн тулд Өмнөд Калифорни даяар болон сонгосон түнш хотууд
дахь байгууламжуудыг ашиглахаар төлөвлөж байгааг онцлон тэмдэглэжээ. Өнгөрсөн
сард Лос-Анжелес хотын дарга Карен Басс, Д.Холт нар хоёр хотын төлөвлөлтийг уялдуулах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Бейсбол/софтбол нь Олон улсын Олимпын хорооноос “Лос-Анжелес-2028”
наадмын үеэр тэмцээн уралдаан явуулахыг зөвшөөрсөн крикет, лакросс, сквош зэрэг
спортын төрлүүдийн нэг бол каноэ слалом нь үндсэн хөтөлбөрийн нэг хэсэг юм.