Шатахууны нөөцийг 30 хоногт хүргэхийн тулд ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас улсын хэмжээнд шатахууны нөөцийг 30 хоногт хүргэх, үүний тулд ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэлээ.
Мөн шатахууны нөөцийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын 2024 оны 134 дүгээр тогтоолоор компанийн нөөц бүрдүүлэх үүрэг хүлээсэн аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг олгох ажлыг зохион байгуулах, шаардлагатай санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгох, хүүгийн татаасыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарт даалгалаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Шатахууны нийлүүлэлт хэвийн байна. Сүүлийн
өдрүүдэд хэрэглээ 2 дахин өссөн. Улаанбаатарт өдөрт 950-1200 тонн шатахуун
хэрэглэдэг, энэ өдрүүдэд 1800-2000 тонныг нийлүүлж байна” гэж өнөөдөр мэдээлсэн юм.