Тогтвортой хөгжлийн зорилгын асуудлаарх Зүүн хойд Азийн олон талт чуулга уулзалт болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Тогтвортой хөгжлийн зорилгын асуудлаарх Зүүн хойд Азийн олон талт чуулга уулзалт Улаанбаатар хотод өнөөдөр эхэллээ.
Чуулга уулзалтыг жил бүр Зүүн хойд Азийн улс орнууд ээлжлэн зохион байгуулдаг. Энэ удаагийн чуулга уулзалтыг НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисс, Ази Номхон далайн Иргэний нийгмийн оролцооны механизмын Зүүн ба Зүүн хойд Азийн дэд бүсийн бүлгийн дэмжлэгтэй Монгол Улсын Засгийн газар, Эдийн засаг, хөгжлийн яамнаас зохион байгуулж байна.
Тус чуулга уулзалтаар Тогтвортой хөгжлийн зорилго болох цэвэр ус, ариун цэвэр, хямд, цэвэр эрчим хүч, үйлдвэрлэл, инновац, дэд бүтэц, тогтвортой хот, суурин, хамтын ажиллагаа зэрэг зорилгыг голлон, авч хэлэлцэж буй юм. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид ус, ариун цэврийн хүртээмжийн ялгаа, сэргээгдэх эрчим хүчний шилжилт, ногоон инновац, хотжилтын тогтвортой байдал, тэдгээрийн бодлого хоорондын уялдаа, хамтын ажиллагааны шинэ загварыг хөндөж, улс орнууд өөрсдийн сайн туршлага болон сорилтуудаа хуваалцаж байна.
Эдийн засаг, хөгжлийн яамны Тогтвортой хөгжил, нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Хонгорзул, “Эдийн засаг, хөгжлийн яамнаас Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн дагуу улс орны хөгжлийн бодлогыг урт, дунд, богино хугацаагаар төлөвлөдөг. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлт бол “Алсын хараа 2050” баримт бичиг юм. Үүний дараагийн баримт бичиг бол ирэх 10 жилийн төлөвлөгөө, Монгол Улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөө юм. Түүний дараагийнх нь богино хугацааны буюу жил бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг нэрлэж болно. Тэдгээр бодлогын баримт бичгийг боловсруулахдаа бид Тогтвортой хөгжлийн зорилгуудын хүрэх түвшнийг уяж өгөхөд анхаардаг” хэмээн онцлов.
Хүний эрх, хөгжил төвийн тэргүүн, Тогтвортой хөгжлийн төлөөх
иргэний нийгмийн сүлжээний ерөнхий зохицуулагч Г.Уранцоож, “Тогтвортой хөгжлийн
зорилгууд хугацаандаа багтаж хэрэгжихгүй байх нөхцөл рүү орчихоод байна. Энэ нь
Монгол Улсын тухайд биш бусад орнуудад ч мөн ялгаагүй яригдаж байгаа асуудал. Тогтвортой
хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхийн тулд зөвхөн төрийн байгууллага дангаараа
ажиллаад хүчрэхгүй. Тиймээс бүх нийтийн оролцоог үр дүнтэй хангахын тулд
олон талын хамтын ажиллагааг хангах ёстой. Үүний зэрэгцээ бодлогын болоод үйл
ажиллагааны уялдаа холбоог сайжруулж, олон талт эх үүсвэрээс санхүүждэг болох
хэрэгтэй” гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.
Чуулга уулзалт маргааш үргэлжилнэ. Уг чуулга уулзалтын төгсгөлд бүс нутгийн иргэний нийгмийн байгууллагууд хамтран Зүүн ба Зүүн хойд Азийн иргэний нийгмийн байгууллагуудын мэдэгдлийн төслийг боловсруулж, ирэх оны хоёрдугаар сард болох 13 дахь удаагийн Ази-Номхон далайн Тогтвортой хөгжлийн форум болон НҮБ-ын Дээд түвшний улс төрийн форумд хүргэх аж.