ӨВӨРХАНГАЙ: Шугам сүлжээний ажил хугацаандаа дуусаагүйгээс хөлджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-10-23 10:50:16

Арвайхээр, 2025 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлын сонгон шалгаруулалтыг оройтуулснаар бүтээн байгуулалт цаг алдаж, үр дүнд нь иргэд хохирч байдгийг олон жишээн дээр харж болно.


Үүний нэг нь аймгийн төвд барьж буй 30 Гкал/ц-ийн хүчин чадалтай дулааны станцын хоёрдугаар хэлхээний шугам сүлжээний ажил юм.


Улсын төсвийн 18.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2025-2027 онд хийж дуусгах уг ажлын гүйцэтгэгчээр “Энерго сервис монтаж” ХХК шалгарч, энэ онд 5.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Арвайхээр сумын 5, 13 дугаар багт байрлах “Арвайн илч” ХХК болон “Газрын улаач” ХХК-ийн уурын зуухнаас халаалт дамжуулдаг 3.2 км  шугам сүлжээг шинэчлэхээр 8 дугаар сарын 1-нд ажлыг эхлүүлсэн.



Хоёрдугаар хэлхээний шугам сүлжээнд хэрэглээний, дулааны, цэвэр усны таван хос шугам багтаж байна. 10 дугаар сарын 1 гэхэд ажлыг дуусгаж, халаалт өгөх төлөвлөгөөтэй байсан ч ажлыг хугацаанд нь дуусгаагүй, таг тавиагүй, буцаан булалт хийгээгүйн улмаас өнгөрсөн өдрүүдийн хүйтрэлтээр дөрвөн орон сууцны цэвэр усны шугам сүлжээ хөлдөж, ус тасарсан юм.


Өнөөдрийн байдлаар нэг байгууллагаас бусад сууцны асуудлыг шийдвэрлэсэн ч 14 худгийг таглаагүй, нэг шугам сүлжээг битүүмжлээгүй байна.


“Бид дулааны шугамаа гадаадаас оруулаад ажлаа эхлүүлэхэд 8 сар гарчихсан. Орон нутгийн газар чөлөөлөлт удааширч цаг алдсан. Шугам тавих хугацаанд цаг агаарын болон техникийн саатал гараагүй ч эзлэхүүн том байсан учраас хугацаандаа амжилгүй, шугам хөлдөөчихлөө” хэмээн “Энерго сервис монтаж” ХХК-ийн төслийн менежер Б.Энхцэцэг ярилаа. 

Связанные новости