ӨВӨРХАНГАЙ: “Заан залуудай” номын ертөнцөөр аялах хэлэлцүүлэг хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-11-10 10:18:28

Арвайхээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. “Монгол бахархал” уриан дор зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Хархорум музейгээс өв соёл, түүхийг сурталчлан таниулахад чиглэсэн олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.


Тухайлбал, төрийн шагналт академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулж, албан хаагчид, дунд сургуулийн сурагчдыг хамруулсан “Заан залуудай” номын ертөнцөөр аялах хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр түүний намтар, уран бүтээлийг танилцуулж, дээрх зохиолын утга санааг тайлбарлан уран сайхны онцлогийн талаар санал бодлоо илэрхийлсэн юм. 


Энэ сарын 11, 12-нд төр, шашин, соёлын зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын 390 жилийн ойд зориулсан “Алтан соёмбо мину”, 24-нд “Бид эх орны түүх” танин мэдэхүйн үйл ажиллагааг тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн сарын хугацаанд монгол бахархлын өдөрт зориулсан богино дүрст бичлэгийн уралдааныг зарлаад байна.


11 дүгээр сар монголчуудын эх хэл, түүх, соёл, оюун санааны дархлааг бэхжүүлэх, монгол бахархлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн хүмүүсийн мэндэлсэн өдөр, түүхэн үйл явдлууд тохиосон чухал ач холбогдолтой цаг хугацаа учраас “Монгол бахархал” уриан дор бүтээлч сар болгон тэмдэглэх санаачилгыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас өрнүүлжээ.

Связанные новости