Мансууруулах бодисын наймаачдын хөлөг онгоцуудыг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-10-23 17:08:53

ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /NBC/. Мансууруулах бодис хууль бусаар тээвэрлэж явсан усан онгоцуудыг Номхон далайн зүүн хэсэгт устгасан тухай АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет мэдэгджээ. 


Мягмар гарагт өгсөн эхний цохилтод өртөн хоёр хүн амиа алджээ. Лхагва гарагт өөр нэг хөлөг онгоцонд цохилт өгч, "хар тамхины террористууд" гэж сэжиглэгдэж буй гурван эрэгтэй амиа алдсан байна. 


"Эдгээр цохилт өдөр бүр үргэлжилнэ. Тэд бол зүгээр нэг мансууруулах бодисны наймаачид биш, харин манай хотуудад үхэл сүйрлийг авчирч буй хар тамхины террористууд юм. Хууль бусаар хар тамхи зөөж буй эдгээр бүлэглэл бол манай бүс нутаг дахь “Аль-Каида” бөгөөд тэд хариуцлагаас мултарч чадахгүй" гэж Пит Хегсет хэлжээ.


Тэрбээр мэдэгдэхдээ, тагнуулын мэдээллээр уг усан онгоцууд мансууруулах бодисны хууль бус наймаанд оролцож, мансууруулах бодис зөөдөг замаар хар тамхи тээвэрлэж явсан гэж онцолсон байна. 


АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын эхлүүлсэн мансууруулах бодисны хууль бус наймаачидтай тэмцэх ажиллагааны хүрээнд Номхон далайн бүсэд явуулсан анхны цэргийн ажиллагаа нь энэ юм. Америкийн цэргүүд өмнө нь Карибын тэнгист явж байсан усан онгоцуудад долоон удаа цохилт өгсөн бөгөөд амиа алдсан нийт хүний тоо 37-д хүрчээ. Энэ нь цохилтын хүрээ тэлж байгааг, мөн дэлхийн томоохон кокаин үйлдвэрлэгчдийн бараг бүх бүтээгдэхүүн дамжин өнгөрдөг Өмнөд Америкийн эргийн бүс рүү чиглэж байгааг харуулж байна.


Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдэхдээ, хар тамхины картелүүдтэй хийх “зэвсэгт мөргөлдөөн”-д АНУ татагдан орлоо гэж онцлон тэмдэглэж байв.



Связанные новости