Т.Санаэ дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн гуравдугаарт жагсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-12-11 16:52:07

НЬЮ-ЙОРК, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /Kyodo/. Америкийн “Forbes” сэтгүүлээс эрхлэн гаргадаг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйн энэ оны жагсаалтад Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ гуравдугаарт эрэмбэлэгджээ. 


Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд Т.Санаэ Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен, Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард нарын араас жагсжээ. Харин Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони дөрөвдүгээрт бичигдсэн байна. 


Энэхүү жагсаалт дахь эмэгтэйчүүд “хил хязгааргүй инновац, геополитик, соёлын өөрчлөлтийн нөлөө, дээд амжилт тогтоосон санхүүгийн гүйцэтгэлээр тодорхойлогдож буй дэлхийн удирдлагын шинэ бүлгийг төлөөлж байна” хэмээн “Forbes” сэтгүүлийн редакц жил тутам гаргадаг жагсаалтаа 22 дахь удаагаа танилцуулахдаа онцолжээ.


“Т.Санаэ хагас дамжуулагчийн аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын шинэчлэл, хүн ам зүйн асуудал тулгарч буй үед энэ оны 10 дугаар сард Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болсон бөгөөд 4.2 их наяд ам.долларын эдийн засгийг удирдаж байна. Эдгээр бүх шийдвэр нь Зүүн Азийн хүчний тэнцвэр хийгээд дэлхийн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг тодорхойлно” гэж тус сэтгүүлд бичсэн байна. 


Т.Санаэгийн танилцуулга хуудсандаа тус сэтгүүл түүнийг Их Британийн Ерөнхий сайд асан Маргарет Тэтчерийг өөрийн улс төрийн үлгэр дуурайлал хэмээн нэрлэсэн хатуу байр суурьтай консерватив үзэлтэн хэмээн тодорхойлсон байна. Дэлхийн дөрөв дэх том эдийн засагтай орон инфляц болон цалингийн өсөлт зогссон зэрэг бэрхшээлүүдтэй тулгарч байгаа үед Т.Санаэ энэ үүргийг хүлээн авсныг мөн дурджээ.


Жагсаалтад 25 орны янз бүрийн мэргэжилтэй эмэгтэйчүүд багтсан бөгөөд тэдний 44 хувь нь гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байгаа бол нийт эмэгтэйчүүдийн тал хувь нь Хойд Америкийнх байна. Хувийн хэвшлийн салбараас хамгийн дээгүүр эрэмбэлэгдсэн эмэгтэй бол дэлхийн зөвлөх үйлчилгээний “Accenture” компанийн гүйцэтгэх захирал Жули Свит ажээ. Тэрбээр уг жагсаалтын зургаадугаарт бичигдсэн байна. 


Жагсаалтад орсон цорын ганц япон эмэгтэй нь Т.Санаэ байсан бол Зүүн Азиас Хятад, Хонконг, Сингапур зэрэг улс орон, нутаг дэвсгэрийн эмэгтэйчүүд багтсаныг дурдвал, Хятадын цахим худалдааны салбарт тэргүүлэгч “JD.com” компанийн гүйцэтгэх захирал Санди Ран Сюй, Сингапурт төвтэй “DBS” банкны гүйцэтгэх захирал Тан Су Шан нар юм.

Связанные новости