ӨМНӨГОВЬ: “Залуус ба яруу найраг" сэдвээр нөлөөллийн ажлыг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-10-24 08:48:37

Даланзадгад, 2025 оны аравдугаар 24 /МОНЦАМЭ/. Өсөлттэй Өмнөговь хөгжлийн төлөвлөгөөний “Залуус дэд” хөтөлбөрөөс залуучуудын хөгжлийн сарын аяныг зарлаж “Эерэг хандлага-идэвхтэй залуучууд” нөлөөллийн үйл ажиллагааг энэ сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

 

Энэ ажлын хүрээнд шүлэг, яруу найраг сонирхогч хүүхэд залуусын дунд "Залуус ба яруу найраг" сэдвээр уншлага, уулзалтыг зохион байгуулж,  урилгаар МЗЭ-ийн гишүүн Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт, хайрын шүлгийн “Цагаан уул” наадам болон “Болор цом” наадмын эзэн яруу найрагч Сайнжаргалын Начин оролцлоо.

 

Уулзалтад Өмнөговь аймгийн төв номын сангийн дэргэдэх “Их говийн дуулал” яруу найргийн дугуйлангийн сурагчид, I, IV сургуулийн шүлэг найраг сонирхогч хүүхдүүд, орон нутгийн яруу найрагч, уран бүтээлчид зэрэг 100 орчим хүн хамрагдлаа.

 

Монголын утга зохиолын салбарт залуу үеийн шилдэг төлөөлөл болж яваа яруу найрагч С.Начинтай хүүхдүүд сонирхсон асуултаа асууж, харилцан яриа өрнүүлж шүлэг найргаа уншлаа.

 

Тус үйл ажиллагааг зохион байгуулснаар үндэсний эх хэлний дархлааг хадгалах, хүүхэд залуус хэл соёлоо хайрлан хамгаалах, бахархах, залуу хүний сэтгэлгээний эрх чөлөө, бүтээж туурвих онгод авьяас хязгааргүйг мэдэрч ойлгох, цаашид шүлэг бичих авьяасаа хөгжүүлэх хүсэл тэмүүллийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. 

Связанные новости