ӨМНӨГОВЬ: Отроор 52,7 мянган толгой мал өвөлжиж, хаваржина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-12-10 14:32:25

Даланзадгад, 2025 оны арванхоёрдугаар сары 10 /МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай Өмнөговь аймгийн Засаг даргын 4 дугаар албан даалгаврыг 94 хувьтай ханган биелүүлжээ.

 

Өмнөговь аймгийн хэмжээнд 2 сая толгой мал өвөлжих бөгөөд нийт малыг хонин толгойд шилжүүлснээр 3,2 сая толгой мал өвөлжиж, хаваржина. Үүнээс отроор 52,7 мян толгой мал өвөлжиж, хаваржина.

 

Бэлчээрийн хүрэлцээ хангамж 85 хувь, өөр аймагт 30 өрхийн 12,0 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад суманд 163 өрхийн 34,4 мянган толгой мал, нийт малчин өрхийн 193 малчин өрх отроор өвөлжиж байна.

 

Малчдын түвшинд бэлтгэх өвс, тэжээлийн даалгаврыг 89,2 хувь, аймаг, сумын аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийн бэлтгэлийг 99,7 хувь, ашиглахад бэлэн бэлчээрийн уст цэг 4826 буюу нийт уст цэгийн 86,5 хувиар, усаар хангагдсан өрхийн тоо 5325 буюу нийт малчин өрхийн 87,2 хувиар тус тус хангагджээ.

 

Улс, орон нутгийн төсвийн 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 32 инженерийн хийцтэй худаг шинээр гаргаж, 13 инженерийн хийцтэй худагт нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суурилуулжээ.

 

Малын хашаа хорооны хангамж 95.2 хувьтай, шинээр бодын 18, богийн 21 хашаа барьсан бол малчин өрхийн хувийн бэлтгэл 91.9 хувьтай хангагдсан талаар Өмнөговь аймгийн ХХААГ-аас мэдээллээ.


Связанные новости