Профессор М.Зулькафильд МУИС-ийн Эмерит профессор цол олголоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор Маулетийн Зулькафильд “МУИС-ийн Эмерит профессор” цол олгох хүндэтгэлийн ёслол өчигдөр боллоо.
МУИС-ийн “Эмерит профессор” цолыг профессор, дэд профессор цолтой, тус сургуульд 20-иос доошгүй жил профессорын албан тушаалд ажилласан, шинжлэх ухаан, боловсролыг хөгжүүлэх үйлсэд дорвитой хувь нэмэр оруулсан эрдэмтэнд олгодог юм.
Профессор М.Зулькафиль МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимд 1981 оноос багш, тэнхимийн эрхлэгч, дэд профессор, профессор, тэргүүлэх профессор, зөвлөх профессороор тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд “Монголын орон нутгийн сонины нийтлэлийн үр нөлөөг дээшлүүлэх асуудалд” сэдвээр 1989 онд түүхийн ухааны доктор /Ph.D/, “Орчин үеийн Монголын сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлага: түүх, онол, практикийн асуудлууд” сэдвээр 1997 онд шинжлэх ухааны докторын /Sc.D/ зэрэг хамгаалж, ОХУ-ын Дорнод Сибирийн Боловсролын Улсын Академийн “Хүндэт доктор”, ОХУ-ын Сибирийн Монгол судлалын нийгэмлэгийн “Хүндэт гишүүн”, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, МУИС-ийн профессор цолтой, сэтгүүл зүйн салбараас анх удаа МУИС-ийн “Эмерит профессор” цол хүртэж байна.
Монголын сэтгүүл зүйн салбарт шинжлэх ухааны доктор /Sc.D/ хамгаалсан гурван эрдэмтний нэг нь профессор тэрбээр “Орчин үеийн Монголын сэтгүүл зүй”, “Сэтгүүл зүйн онолын үндэс”, “Сэтгүүл зүйн онолын зарим асуудал”, “Сэтгүүлчийн ур чадвар”, “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн онол, практик”, “Монголын олон нийтийн мэдээлэл: нэг үзэл суртлаас олон ургалч үзэл хүртэл”, “Сэтгүүл зүйн тайлбар толь”, “Сэтгүүл зүйн судалгааны бүтээлүүд” цуврал, “Сэтгүүл зүйн үндэс” зэрэг 80 гаруй сурах бичиг, нэг сэдэвт зохиол, орчуулгын бүтээл, гарын авлага бичиж, АНУ, ОХУ, БНХАУ, Япон, Франц, Чех, БНСУ, Унгар, Казахстан, Итали зэрэг оронд судалгааны 200 гаруй өгүүлэл хэвлүүлжээ.
Түүнчлэн профессор М.Зулькафиль сэтгүүл зүйн салбарт 1500 гаруй сэтгүүлч бэлдэж, орчин үеийн сэтгүүл зүйн сургалтын эх суурийг тавьсан “Сэтгүүлч” мэргэжлийн стандартыг боловсруулах багийг ахлаж, СХЗҮЗ-өөр 2004 онд амжилттай батлуулсныг Монгол Улсын сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулиудад өнөөдөр мөрдөж байна.
Ulaanbaatar