Азийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-25 12:16:38

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод энэ сарын 25-наас 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд болж байна.


19 дэх удаагийн тэмцээнд 16 орны 677 шатарчин стандарт, блиц, рапид төрлөөр 432 медалийн төлөө өрсөлдөнө. Тэмцээнийг нээж, Ерөнхий сайд, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Энэ тэмцээн оюун ухааныг дээдэлсэн спортын үнэт уламжлалыг дэлгэрүүлэх, тивийн сурагчдын нөхөрлөлийг бэхжүүлэх, ирээдүйн оюунлаг иргэдийг төлөвшүүлэх онцгой ач холбогдолтой. Монгол Улсын Засгийн газар оюун ухааны спортыг дэмжих, шатрыг сургалтын хөтөлбөрөөр өргөжүүлэх, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай залуу шатарчдыг бэлтгэх бодлогыг тууштай хэрэгжүүлнэ” гэсэн юм.



ССАЖЗЯ-ны сайд Ч.Ундрам, “Монголчууд эртнээс шатрыг оюуны цэц сорих, ухаан тэлэх, хойч үеэ хүмүүжүүлэх хэрэгсэл хэмээн эрхэмлэж ирсэн. Энэ тэмцээн нь зөвхөн өрсөлдөөн төдий бус, Ази тивийн залуу үеийн нөхөрлөл, итгэлцэл, оюуны солилцооны индэр болж байна. Тэмцээнд оролцож буй шатарчид ирээдүйн мастер, дасгалжуулагч, сурган хүмүүжүүлэгч, шинжлэх ухаан, технологийн удирдагчид болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн тодотгов.


Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнээс хамгийн анх алтан медаль хүртсэн монгол тамирчин бол Олон улсын матер Б.Чингүүн (стандарт), Их мастер Б.Билгүүн (блиц) нар бөгөөд тэд ах дүү шатарчид билээ.













Связанные новости